...
...
Улс төр
Sainjargal
10-р сар 01

МАН-ын мянга, мянган гишүүн хааччихав аа…?

МАН-ын мянга, мянган гишүүн хааччихав аа…?

Монгол ардын намын VIII Бага хуралдаан тус намын түүхэнд тэмдэглэж үлдэхүйц, алдаа сургамжийн аль алиныг нь архивлан хадгалж, харьцуулан жишиж үзэхүйц хангалтай адал явдалтай, адал балмад улс төрийн шийдэлтэй этгээд сонин хурал болж өнгөрсөн. Уг хуралдаанаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 85.67 хувийн санал авч Ерөнхий сайд, тус намын дарга асан Л.Оюун-Эрдэнээс намын тамга гардсан хэдий ч эхний санал хураалтаар Д.Амарбаясгалан 58 хувийн санал авч, Ерөнхий сайд Г.Занданшатар 42 хувийн саналаар удаалсан. Гэхдээ намын даргын сунгааны өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын даргаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн эсэх нь өнөөдрийг хүртэл эргэлзээтэй байгаа нь цаг хугацааны явцад дээрх хоёр санал хураалтын аль алиныг нь Улсын дээд Шүүх хүлээн зөвшөөрөх үү, Улс төрийн намын тухай хуулиас дээгүүр намын дүрэм, бүр намын дүрмээр илүү Бага хурлын журам гэж байх уу гэдэг асуудал өдгөө улс төрийн халуун сэдэв болох ёстой ч өнөө маргаашийн хувьд энэ сэдэв мартагдаж орхисон нь төрийн ордонд өрнөж буй үйл явдлаас үүдэлтэй.

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд МАН-ын аймаг, дүүргийн намын хороод баяр хүргэж, хайрын зурвас шидэхтэй зэрэгцэн Ерөнхий сайд Г.Занданшатар хувь улстөрчийнхөө хувьд индэрт гарч, МАН-ын Бага хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ зарласан. Энэ тухайгаа “Долоодугаар сарын 19-ний өдөр бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд очиж ажиллахад олон арван хулгайн тухай яригдаж байсан. Бүгдийг нь таслан зогсоож, АТГ-т шилжүүлсэн. Бортээгийн уурхайд болохоор аман дээр нь баяжуулах үйлдвэр барьчихсан. Тэр нь ашиглалтгүй. Энэ тээвэр нь асар өндөр өртөгтэй. 280 тэрбум төгрөгөөр конвер барих ёстой. Тэр конвер нь барьж дуустал нөгөө нэг их наядын үйлдвэр үр ашиггүй. 10 сая тонн угаах хүчин чадалтай энэ нүүрсний үйлдвэр ашиглалтад орсон бол 44 их наядын хулгайгаас ч илүү орлого Монгол Улсад ирээдүйд, урт хугацанд орох бололцоотой ийм үйлдвэр сул зогсож байгаа юм. Ийм үрэлгэн задгай байсан. Одоо тэрнийгээ ашиглалтад оруулахын тулд 280 тэрбум төгрөгөөр конверын шугам барьж байгаа. Нүүрсний хулгайг бүрмөсөн таслан зогсоохын тулд, эдийн засгаа сэргээхийн тулд тэнд байгаа орд газруудын үр ашгийг сайжруулах шаардлага гарсан. Тийм учраас Монгол Улсын төсвийн төсөлтэй хамт эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа цорын ганц орд болох Тавантолгойн таван ордын нэг Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ ордыг ашиглах тухай тогтоолын төслийг өргөн баримагц намын даргад нэр дэвшихгүй гэж гурван сарын өмнө хэлж байсан УИХ-ын дарга яаран сандарч, нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа. Залуучууд гудамжинд жагсаж, нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж байсан. УИХ, Засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол зохион байгуулсан. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр уг сонсголыг зохион байгуулж байсан. Би яг үүнтэй адилхан УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудлуудад нэр холбогдсон байсан. Өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёс дээр тулгуурлах ёстой. Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл гэж байх учиргүй” хэмээн тайлбарлаж, нүүрсний хулгайн эсрэг шийдвэртэй тэмцэхийн тулд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж буйгаа зарласан. Харин улс төр төдийгүй олон нийтийн дунд дуулиан дэгдээсэн уг мэдэгдлийн дараа МАН-ын Хяналтын ерөнхий хороо нэн яаралтай хуралдахаа зарлаж, өчигдөр буюу энэ сарын 1-ний өдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намынхаа гишүүдийг гүтгэн харлуулсан гэдэг үндэслэлээр МАН-аас хөөсөн.

Харин өнөөдрийн тухайд Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн бус Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсон шийдвэрээ УИХ-д танилцуулах бөгөөд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уг танилцуулгынх нь цаг минутыг товлох ёстой… Ээдрээтэй нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд уг товыг тогтоох эсэх нь эргэлзээтэй хэдий ч УИХ-ын гишүүд 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын кабинетийн сайдаа томилох, чөлөөлөх саналд кноп дарах эрхгүй бөгөөд гагцхүү “Танилцлаа, Сайн хүн, Муу хүн” гэдгээс өөр үг хэлэх боломжгүй.

Иймд улс төрийн нөхцөл байдлын хувьд өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн гацааж тоглох өдөр болж магадгүй бөгөөд гагцхүү энэ бүх үйл явдал ердөө гарын таван хуруунд эргэлдэх МАН-ын дарга нарын дунд өрнөж буй зөрчил тэмцэл гэдгийг тодотгох нь илүүц. Тиймээс МАН-ын 300 мянга гаруй гишүүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэн хангах вэ, хэн дэмжих вэ гэдэг асуултыг тавих нь зүй ёсны. Учир нь, тэд МАН-д ялалт авчрахаас өөр эрх үүрэггүй утсан хүүхэлдэй биш бөгөөд эрх мэдлийн хувьчлалаас МАН-ыг чөлөөлөх үүрэгтэйг нь сануулцгаая.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!