Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж, УИХ-ын гишүүд асуулт асууж, мэдээлэл авч байна

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.19) нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.
Монгол Улсын ирэх оны төсөвтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, төрийн албан хаагчийн есөн хувийг цомхотгох асуудалд би эсрэг байр суурьтай байсан. Албан хаагчдыг цомхотгох аргачлал байхгүй, процессын дахин инженерчлэлтэй хэрхэн уялдах нь тодорхойгүй байгааг сануулж байсан. Өнөөдөр тодорхой тооны хүнийг ажлаас чөлөөл гэсэн квот авчихсан байгууллагууд байна. Хөдөө орон нутагт ч ялгаагүй. Ингэж байж төсөвт хэмнэлт гарна гэж үзжээ. Энэ шийдвэрийг дагаад 7000 мянган хүн тэтгэвэрт гарах өргөдлөө өгчээ. Эдгээр хүмүүст олгох нэг удаагийн тэтгэмжид 375 тэрбум төгрөг зарцуулах нь. Энэ мөнгийг жилийн хугацаанд олгох боломжгүй учраас хоёр хуваана гэж байна. Тэтгэмжийг хоёр хувааж олгох юм уу, 3500 хүнд олгох тэтгэмжийг нэг жилээр хойшлуулах гэж байгаа юмуу хэмээн лавлав. Тэрбээр, жилд 14 мянга орчим хүн тэтгэвэрт гардаг байсан бол тэрхүү 7000 хүн нэмэгдэхээр 20 гаруй мянга болж байх шиг байна. Тэтгэврийн сан үүнийг дийлэх үү. Цомхотгол явагдсаны дараа ажилгүйдлийн тэтгэмж олгож таарна. Ажилгүйдлийн тэтгэмж олгох сан үүнийг дийлэх үү. Төсөв хэмнэх гэсэн биш төсөвтөө дарамт болох вий гэсэн асуудлыг хөндөв.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд есөн хувийн хэмнэлт хийнэ гэдэг зорилт тусган батлагдсан. Энэ зорилтыг хангахын тулд чиг үүргийн шинжилгээ, дахин инженерчлэл хийх ёстой болсон. Сүүлийн 10 жилд төрийн албан хаагчдын тоо 39.3 хувиар өссөн. Сургууль баригдах болгонд багш нар, эмнэлэг баригдах бүрд эмч нарын тоо өснө. Ийм байдлаар төрийн албан хаагчдын тоо нэмэгдсээр ирсэн. Бид чиг үүргийн бүрэн шинжилгээ буюу чиг үүргийн давхардлыг арилгах чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн. Чиг үүргийн давхардлыг арилгаж зарим үйлчилгээг цахимд шилжүүлэх, давхардсан чиг үүргийг нэгтгэх чиглэлээр нийтдээ 2.2 их наяд төгрөгийг хэмнэх тодотгол хийсэн. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг 5.7 хувьд тооцох бололцоо бүрдсэн. Есөн хувийн цомхотгол хийнэ гэж бүгдийг нь тайрч, бүх түвшинд есөн хувийг цомхотгоно гэсэн үг биш. Өнгөрсөн хугацаанд төрийн хэмнэлт бүтээмжийн зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу чиг үүргийн шинжилгээ хийгээд есөн хувийн цомхотголыг хийхдээ хэн нэгний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр давхардсан чиг үүргүүдийг нэгтгэж чадсан. Ингэснээр цалингийн зардал 683.2 тэрбум төгрөгөөр, төсвийн хэмнэлт 815.5 тэрбум төгрөгөөр буюу төсвийн нийт зардлын 2.85, ДНБ-ий 1.22 хувьтай тэнцэх хэмжээний хэмнэлт болж чадсан. Энэ нь чиг үүргийн давхардлыг арилгасны үр дүн гэж үзэж байгаа. Үүний зэрэгцээ бид бодлогын шинэчлэлүүдийг хийж байна. Ерөнхий сайдын зарласан дижитал пост гэдэг санаачилга амжилттай хэрэгжиж байна. Үүний үр дүнд Засгийн газар мэдээлэл технологийн виртуал бүсийг байгуулан компаниуд онлайнаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг амилуулах журмуудыг Засгийн газрын хуралдаанаар лхагва гарагт баталсан хэмээн хариуллаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Салбарын яам ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмадын өргөө байгуулах, ахмадын сэргээн засах төвүүдийг бий болгох, хувийн хэвшлийн байгууллагууд ахмадын асрамжийн барилга байгууламж барихад дэмжлэг үзүүлнэ гэсэн амлалтууд өгсөн. Харин ирэх оны төсвийг харахад инфляцтай уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийг зургаан хувиар нэмнэ гэснээс өөр ахмадуудтай холбоотой дэмжлэг харагдахгүй байна. Нийгмийн халамжийн сангийн 10-аас доошгүй хувийг ахмадын нийгмийн оролцоог хангахад зарцуулах тухай хуулийн заалт бий. Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог хангах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 2026 оны төсөвт хэдий хэрийн хөрөнгө тусгасныг тодруулсан.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, салбарын 2026 оны төсөвт ахмад настныг дэмжих арга хэмжээний төсөвт нийт 1 их наяд 270.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Нийгмийн халамжийн сангаас 543 мянган ахмад настанд 250.5 тэрбум төгрөг зарцуулна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрт 2065 ахмад настныг хамруулж 11.7 тэрбум төгрөг зарцуулах төлөвлөгөөтэй. Улсын төсвөөс ахмад настны асрамжийн үйлчилгээнд 8.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа. Салбарын яам ахмадын олон сувилал, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллан, хувьсах зардлыг нь шийдэж өгдөг. Өчигдөр Ахмадын холбооны төлөөлөлтэй уулзсан. Ахмадын холбооны төлөөлөл долоон зүйлтэй шаардлага ирүүлсэн. Тэрхүү шаардлагад тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг тусгасан байна. Ахмад настны тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж байгаа хэдий ч салбарын яамны зүгээс төсөв, инфляцын байдалтай уялдуулан 10 орчим хувиар нэмэх нь зүйтэй гэсэн тооцооллыг гаргасан. Сангийн яам зургаан хувь гэсэн саналтай байгаа. Ахмад настны тогтвортой орлогын эх үүсвэрийг хангах зорилгоор тэднийг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ахмад настныг авч ажиллуулж байгаа байгууллага, ахмад настан тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх зэрэг тодорхой заалтуудыг хуулиудад тусгасан. Мөн яамнаас орон нутгийн удирдлагуудыг хуулиа дагаж мөрдөх, ахмад настуудад зарцуулах хөрөнгийг төсөвтөө суулгах асуудлыг тавьж ажиллаж байгаа гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүд шатахууны нийлүүлэлт, татварын шинэчлэлийг хэрхэн хийх талаар тодруулсан. Мөн 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд ядуурлыг бууруулж 22 хувьд хүргэнэ гэж заасныг тодотгоод, энэ хүрээнд ямар арга хэмжээг хэрэгжүүлэхийг лавлаж байлаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Намар ургац хураалтын үеэр түлшний асуудал яригддаг. Наймдугаар сард манай түлшний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын нефьт боловсруулах 12 үйлдвэр халдлагад өртжээ. Энэ нь тус улсын нефьтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлын 17-20 орчим хувийг үгүй хийсэн гэсэн үг. Түүнчлэн тээврийн гол зангилаа хэсгүүдийн 4-5 нь халдлагад өртсөн байна. Тиймээс ОХУ бензиний экспортдоо хязгаарлалт хийсэн. Манай оронд гэрээний дагуу шатахуун нийлүүлж байгаа. Цаашдаа энэ маягаар явахад хүнд болох төлөвтэй байна. Бид шатахуун нөөцлөх сав барих хэрэгтэй болж байна. Манай улсын шатахуун нөөцлөх нийт хүчин чадал 210 мянган тонн. 27 хоногийн нөөцөө хадгалж чаддаг гэсэн үг. Нөөцлөх саваа нэмье гэхээр хувийн хэвшлийн байгууллагуудын санхүүгийн чадвар хүрдэггүй. Бид хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр гаргаж, ядаж нэг сарын нөөцөө хадгалж чаддаг савтай болох асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй байна. Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 3-6 сарын шатахуун нөөцлөх савтай болох зорилт тусгасан. 2027 онд Алтанширээд барьж буй үйлдвэрээ ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж байна гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газар татварын шинэчлэлийг хийхээр бэлтгэж байна. Энэ бодлогоо 2026, 2027,2028 онд үе шаттайгаар төсөвтөө шингээгээд хэрэгжүүлээд явна. Эцсийн зорилго нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд очиж буй татварын дарамтыг бууруулах, нөгөө талдаа эдийн засгийн идэвхжлийг дэмжих, татварын суур баазыг тэлэх зорилготой. Хамгийн эхэнд нэг сая төгрөг хүртэлх татварын урамшууллыг таван хувь рүү хүргэхээр төлөвлөсөн. Ингэхдээ НӨАТ-ын суурийг нэлээн хөдөлгөнө гэж тооцсон. Эргэлтэд орохгүй, татварт бүртгэгдэхгүй байгаа үйлчилгээг бүртгэлд оруулж, татварын суурийг тэлнэ хэмээсэн. Татварын ерөнхий газраас өгч буй мэдээллээр, татвар төлөгч аж ахуйн нэгж 256 мянга бий ч, 172 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн хоёр сая 554 мянган иргэн татвар төлөгчийн бүртгэлтэй гэлээ.
Сангийн яам, Татварын ерөнхий газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран төлбөрийн баримтыг цаасгүйгээр, автоматаар бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Мөн Татварын ерөнхий газар татвар төлөгчөө таньж мэдэх, зөвлөн туслах, байршилд суурилсан бааз суурийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулсны нэг нь аппликейшн нээн эхний ээлжинд зах, худалдааны төв, бусад үйлчилгээний газар, бизнес эрхлэгчдийг хамруулаад байна. Зах худалдааны төвүүдэд бүрэн судалгаа хийн е-баримт олгож буй эсэхэд хяналт тавих юм байна. Мөн зөвлөн туслах, эрсдэлээс хамгаалах ажлуудыг давхар хийснээр е-баримт олгох байдлыг 74 хувиар нэмнэ гэж тооцсон гэж ажлын хэсгээс нэмэлт тайлбарыг өгөв.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Э.Батшугар, ирэх долоо хоногт е-баримтыг худалдан авалт хийсэн картаар дамжуулан автоматаар бүртгэдэг болно хэмээн мэдээлэв. Иргэд зогсоолын баримтыг тоодоггүй, код нь гүйцэд уншигдахгүй зэрэг шалтгаанаас болоод е-баримтаа бүртгүүлэлгүй хаягддагийг сайд тодотгоод, нийт баримтын 50 хувь нь орхигддог нь тодорхой болсон гэлээ. Тиймээс шинэ үйлчилгээг нэвтрүүлэн иргэд банкны картаа е-баримтын системд бүртгүүлснээр тэрхүү картаар хийсэн худалдан авалтын е-баримт автоматаар бүртгэгдээд явах боломжтой болно. Энэ нь е-баримтын бүртгэлийг хялбар болгохоос гадна цаас хэмнэх давуу талтай хэмээгээд, эхний гурван банк ирэх долоо хоногт, цаашдаа бүх банкууд энэ системд холбогдоно гэсэн хариулт өгөв.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Ядуурлын түвшнийг бууруулах зорилт улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан. 2022 оны байдлаар ядуурлын түвшин 27.2 хувь байсан. Ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй 914.2 мянган хүн байна. Ядуурлыг бууруулахын тулд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай. Тиймээс хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрөл мэдэгдлийн тухай, Тендерийн тухай хуулийн төслүүдийг 10 дугаар сард өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Мөчлөг сөрсөн бодлогынхоо хүрээнд Татварын багц хуулийн шинэчлэлийг эхлүүлж байна хэмээн хариулав.
Чуулганы үдээс хойших хуралдаанаар ирэх оны төсвийн хэлэлцүүлэг үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!