...
...
Улс төр
Sainjargal
9-р сар 15

Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАРЫН ТӨСӨВ & БУТАРХАЙ МӨНГӨНИЙ ТООЛЛОГО

Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАРЫН ТӨСӨВ & БУТАРХАЙ МӨНГӨНИЙ ТООЛЛОГО

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр буюу 2025 оны есдүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны төсвийн төслийг танилцуулж, үг хэллээ. Сонслоо бас уншлаа. “Дэлхийн дэг журам ганхаж, цэг төр үймээнтэй байна. “Төмөр хөшиг” дахин татагдаж, уур амьсгал эрс өөрчлөгдөж, дэлхий нийтээр ган гачиг, гамшиг ээлжилж байна” гэж эхэлсэн түүний үг “Шинэ Засгийн газар ийм хүнд сорилттой нүүр тулж, ачааны хүндийг ард түмэн, аж ахуйн нэгждээ үүрүүлэхийн оронд төр бүсээ чангалсан” хэмээн үргэлжилсэн нь гүйцэтгэх засаглалын яам тамгын газрын цомхотгол, сайдын дэргэдэх зөвлөл, үндэсний хороодыг татан буулгасантай холбоотой дүгнэлт. Хэмнэлтийн дүнгээрээ 60 тэрбумд хүрсэн энэ цомхотгол олон айлын хаалгыг татсан нь тодорхой ч эдийн засгийн хэмнэлт талаас зөвхөн нэг хөлийн тулалт гэдгийг мартаж болохгүй. Харин ширээгээр зүйрлэбэл олон хөлийн тулаа нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн захирлуудын цалингийн хасалт, урамшууллын тогтолцоо, аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр, нэгтгэн удирдах санал санаачилгаа өнгөрсөн наймдугаар сард зарлана хэмээн мэдэгдсэн ч алга ташихуйц өөрчлөлт өнөөдөртөө бол гарсангүй. Хэдий төрийн өмчит компаниудын удирдлагын орон тоог 200-аар цөөлж, 11.5 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэсэн ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн илтгэлд дурдагдсан “Өдгөө төрийн өмчит болон өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө нь 59.4 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ийн 74.3 хувьтай тэнцэж байгаа боловч төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг, өгөөж үлэмж доогуур байна. Тодруулбал, 2024 онд төрийн өмчит компанийн 33 хувь нь алдагдалтай ажиллаж, ашигтай ажилласан хэсгийн 90 хувийг “Эрдэнэс Монгол нэгдэл” дангуур бүрдүүлж, Төрийн өмчит компаниудын өр төлбөр нь 22.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Орон нутагт энэ байдал дээрдэх зүйлгүй. Орон нутгийн өмчийн 350 аж ахуйн нэгжийн зөвхөн 30 хувь нь 388 сая төгрөгийн ашигтай ажиллаж, 2023 онд ердөө нэг сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Энэ байдал цааш үргэлжлэх ёсгүй” гэсэн дүгнэлттэй харьцуулахад Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын өнгөрсөн 90 хоногт хийж хэрэгжүүлсэн хэмнэлтийн бодлого үндсэндээ бутархай мөнгөний тооллого гэсэн үг. Мөн “2026 оны төсвийн төслийг иргэдтэй хамт бичсэн. 240 мянган монгол хүний хүсэл шингэсэн, түүхэнд анхны ардчилсан зөвшилцлийн төсөв” хэмээн тэрбээр тодорхойлж, иргэдийн саналын дагуу нийгмийн захиалгаар эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэхээр төлөвлөлөө” гэсэн ч цаасан дээр сүндэрлэж, ажлын алба нь албан ёсоор байгуулагдаж, Улаанбаатар хотын хамгийн үнэтэй, хамгийн тансаг цамхагт байрлаж байгаа Хүннү болон Хархорум хотын бүтээн байгуулалтыг зарцаасангүй. Өөрийнх нь өгүүлсэнчлэн “Төсөв бол зүгээр нэг тооны нийлбэр биш. Тэр тоо юу өгүүлж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Төсөв бол чанар, өгөөжийн хэмжүүр” гэдэгчлэн төсвийн тоог бодоход дээрх хоёр хотын бүтээн байгуулалтыг хойшлуулсан бол тэр тоо хасагдах байсан нь тодорхой. Дээр нь, “Эрдэнэс Монгол”, “Эрдэс Тавантолгой”, “МИАТ”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” зэрэг Монгол Улсын эдийн засгийг үүрч, дүүрч явдаг төрийн өмчит хамгийн томд тооцогдох 20 гаруй аж ахуйн нэгж мод тарих, газар эзэмших, барилга байшин барих зэргээр дээрх хоёр цаасны хот руу “хандив” урсгаж эхэлсэн нь нэг л эдгээр компанийн үр ашиггүй зарлага болох вий гэдэг болгоомжлол төрүүлж байна. Хэмнэх гээд хийх гээд алдлаа гэдэг үг ахин дахин сонссон, уншсан нүд, чих хоёр энэ эргэлзээг төрүүлж буй учир бичиж үлдээх нь зүй ёсны шаардлага юм. Өөр нэг төсвөөс эрж хайсан эрэл бол “Үндэсний баялгийн сан”-тай холбоотой тодорхой тоон мэдээлэл. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бодлогын гол зангилаа болсон “Үндэсний баялгийн сан”-гийн хуримтлал, тараан хуваарилалтыг мөнгөн дүнд бариулах тухай төсөөлөл ирэх оны төсвийн төсөлд байсангүй. Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийн ордыг төрийн мэдэлд авч, ашиг орлогыг “Үндэсний баялгийн сан”-д төвлөрүүлэх боломжтой хэмээн зарласан ч дахин асуухад шүүхийн маргаан, нөхөн төлбөр, гэрээ хэлэлцээний талаар өнөөдрийн нөхцөлд хэн ч ам нээхгүй байгаа нь шийдлийн эрэл хайгуул ирэх жилдээ дуусахгүй байх эргэлзээг төрүүлэв. Мэдээж Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газарт иргэний эрх ашигт тулгуурласан гэдэг төсвийн бодлогын гол ялгаа бий. Энэ нь мега төсөлд хэт найдаж, тэрхүү итгэл найдвараа улс төрийн тэмцлээр дарангуйлсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас л ялгарах давуу тал ч эргээд хэт бутархай мөнгөний тооллого болох вий гэдэг сэрэмжүүлэг төрж байна. Цаас чичихээс нааш, хүн хэлэхээс нааш гэдгээр үүнийг хэлэхгүй, анхааруулахгүй, сануулахгүй бол алдаа болгонд дасах зохицож амьдардаг ард түмэн гэж үгүй билээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!