...
...
Улс төр
Sainjargal
9-р сар 11

Эрчим хүчний реформыг дэмжих УИХ дахь бүлгээс өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, хэтийн төлвийг хэлэлцлээ

Эрчим хүчний реформыг дэмжих УИХ дахь бүлгээс өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, хэтийн төлвийг хэлэлцлээ

Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй реформын хүрээнд өнгөрсөн хугацаанд юуг хийсэн, цаашид хэрхэх асуудлаар Улсын Их Хурал дахь уг реформыг дэмжих бүлгээс өнөөдөр (2025.09.10) нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн удирдан явуулав. Тэрбээр эрчим хүчний салбарын шинэчлэлтийг анхнаас нь манлайлж, Улсын Их Хурлын 103 гишүүний бүрэлдэхүүнтэй дэмжих бүлгийг байгуулан ажиллаж буй юм. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Ч.Лодойсамбуу, Ж.Галбадрах, М.Мандхай, Г.Очирбат, Д.Цогтбаатар, Л.Соронзонболд, Г.Хосбаяр, Ж.Бат-Эрдэнэ болон тус салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл, эрчим хүчний хэрэглэгч, иргэд оролцож, санал бодлоо солилцсон юм.

 

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурал дахь эрчим хүчний реформыг дэмжих бүлгийн гишүүдийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан үг хэллээ. Тэрбээр, реформ хэрхэн үргэлжлэх вэ гэж хэлэлцүүлгийг нэрлэсэн нь оновчгүй байна, хэрхэн эхлүүлэх вэ гэж нэрлэх нь зүйтэй гээд, цахилгаан эрчим хүчний үнийг нэмснээс өөр зүйл хийхгүй байгааг шүүмжилж, зохицуулалттай салбарт үнэ нэмэх бол реформ биш гэв. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд ямар нэг дорвитой шийдвэр гараагүй, оролцогч талууд нэгдсэн ойлголтод хүрээгүй байгаад харамсаж байна гэсэн байр суурийг илэрхийллээ. Эрчим хүч бол эдийн засгийн хөгжлийн суурь салбар учир хэрэглээ нэмэгдэж буй нь эдийн засгийн агуулгаараа сайн зүйл болохыг тэрбээр онцолж, манай улс эрчим хүчний эх үүсвэрээр баялаг, харьцангуй давуу талтай тул үүнд тулгуурлан хөгжих бүрэн боломжтой хэмээв. Гэхдээ энэ салбарт реформ  хийхдээ алдаа гаргах эрхгүйг сануулж, эрчим хүчний салбарын эрх зүйн орчинг шинэчлэхээр ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг ахлагчтай Ажлын хэсэгт ихээхэн найдаж байгаагаа онцлон тэмдэглэсэн юм.

Энэ удаагийн хэлэлцүүлэг эрчим хүчний салбарын бодлого, тус салбар дахь хувийн хэвшлийн оролцоо, гарц, шийдэл, эрх зүйн шинэчлэл гэсэн гурван үндсэн хэсгийн хүрээнд үргэлжиллээ.

 

Эрчим хүчний бодлогын асуудлын хүрээнд салбарын өнөөгийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулж, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Улаанбаатар хот өвөлжилтөд хэрхэн бэлтгэж байгааг ярьсан юм. Өнгөрөгч 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар эрчим хүчний салбар дахь өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байгааг сайд мэдээлж, дулааны цахилгаан станцуудын бэлтгэл ажил 61, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний бэлтгэл 63, дулааны станц, шугам сүлжээнийх 72, нүүрсний уурхайнуудад 65 хувьтай байна гэлээ. Салбарын хэмжээнд 1793 нэр төрлийн ажил хийгдэхээс 788 ажил бүрэн гүйцэтгэсэн ажээ.

Нийслэл Улаанбаатар хотын хувьд төвлөрсөн дулаан хангамжийн системийн суурилагдсан хүчин чадал 2418 Гкал/ц бол холбогдсон нийт ачаалал нь 3558 Гкал/ц хүрч, нэмэгдсэн гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэлдээ дурдав. Алслагдмал суурьшил бүхий хэрэглэгчдийг дулаанаар хангахад хүндрэл үүсэж болзошгүй ч өвлийн улиралд их ачааллын горимд эрчим хүчний салбар бэлтгэж байгаа гэдгийг илтгэлээ. 

 

 

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ сарын 08-ны байдлаар өвөлжилтийн бэлтгэл 81 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч танилцуулав. Эдгээр бэлтгэл ажлыг нийслэлийн харьяа 22 байгууллага эрхлэн гүйцэтгэж, улмаар “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн бэлтгэл ажил 87.4 хувьтай, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнх 77.1, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ынх 80, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ, Орон сууц бодлогын газрынх 75 хувийн явцтай байна гэв. 

 

Мөн бодлогын асуудлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах газрын дарга Э.Түвшинчулуун үнэ тарифын зохицуулалт, түүний үр дүнгийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр өнгөрсөн онд хийсэн 12 дахь удаагийн тарифын зохицуулалтаар айл өрхийн оргил ачааллын болон хэрэглээнээс хамаарсан шатлалт тарифыг 29.6 хувиар нэмэдүүлсэн болон дулааны үнийг нэмэгдүүлэх зохицуулалтыг 2026 он хүртэл хойшлуулаад байгааг танилцуулж, үүний үр дүнд нүүрсний уурхай, төмөр замын тээврийн салбар алдагдалгүй болж, цахилгааны салбар улсын төсвийн татаасгүй болсон. Эрчим хүчний салбарт ажиллагсдын цалин, хөлс, нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн. Тарифыг индексжүүлэх суурь нөхцөл бүрдсэн, хэрэглэгч хэрэглээгээ зохицуулж, хэмнэлт гаргах боломжтой бий болсон. Энэ салбарт хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих нөхцөл бүрдэж, ухаалаг тоолуурын системийг үе шаттай нэвтрүүлэх эхлэл тавигдсан гэдгийг онцлов.

Тус хэлэлцүүлэгт менежментийн шинэчлэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн “Тэнгэр Капитал” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал О.Лхагвасүрэн судалгаа, дүгнэлт, “Эрчист Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин эрчим хүчний компаниудын өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг танилцууллаа. Эрчим хүчний салбар дахь төрийн өмчит 27 компанийн 34 хувийг “Эрчист Монгол” ХХК эзэмшдэг бөгөөд тэдгээрийн ашигт ажиллагааны үзүүлэлт сул, цэвэр ашиг болон хөрөнгийн өгөөж хангалтгүй, зардлын хяналт сайнгүй, хөрвөх чадварын эргэлт болон авлага, өглөг барагдуулах хугацаа тогтворгүй, богино хугацааны төлбөрийн чадвар дунд зэрэг байгаа хэмээн дүгнэв. Түүнчлэн өр ихсэж, санхүүгийн эрсдэл нэмэгдэж байгааг онцлоод, эрчим хүчний үйлдвэрлэлийн болон захиргааны зардал тасралтгүй өсөж буйг анхаарууллаа. Эрсдэлийн үнэлгээгээр эрчим хүчний компаниудын санхүүгийн байдал тогтворгүй, өгөөж тааруу, үйлдвэрлэлийн өртгийг бууруулах, өрийн удирдлагыг сайжруулах шаардлагатай, улирлын нөлөөлөл ихтэй нь тогтоогдож байна гэв. Ийм нөхцөлд компаниудыг хувьчилж, нээлттэй хувьцаат компани болгох боломжгүй гэдгийг ч онцоллоо. Компаниудын засаглалыг сайжруулж, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулан зах зээлийн үнэ цэнийг өсгөж гэмээнэ хувьчлалыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.

 

Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр, “УБЦТС” ТӨХК-ийн Ерөнхий инженер Т.Мөнхболд, “Солар Повер Монголиа” ХХК-ийн захирал Г.Жавхлантуг, “Монхорус Эрчим” ХХК-ийн захирал Б.Батлхагва, "Дуудъя" брэндийг үүсгэн байгуулагч С.Хонгор, Эрчим хүчний реформ Үндэсний хорооны Ажлын албаны дарга асан Л.Жамбаа нар гэр байшингийн дулаалгын шийдэл, эрчим хүчний сүлжээний автоматжуулалт, нарны цахилгаан станцын үйл ажиллагаа, тархмал болон сэргээгдэх эрчим хүчний эрх зүйн орчин, зохицуулалтын журам, дүрмүүдээс үүдэн гарч байгаа бэрхшээлүүд, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээнд гарч буй хүндрэлийг шуурхай шийдвэрлэх, тэдний дуудлагыг хүлээн авч, цаг алдалгүй ажиллах, эрчим хүчний реформыг таван жилээр төлөвлөн хэрэгжүүлэх, анхаарах шаардлагатай асуудлын талаар мэдээлэл хийсэн юм.

Түүнчлэн эрчим хүчний шилжилт, эрх зүйн шинэчлэлийн талаар МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн дарга Д.Ганхуяг илтгэл тавив. Зах зээлийн чиг баримжаатай эрчим хүчний шинэчлэлийг цөөн улс орон хэрэгжүүлсэн бөгөөд ихэнх нь төрийн хяналт болон хувийн хэвшлийн оролцоог хослуулсан загварыг сонгож буй тухай Дэлхийн банкны тайлангийн дүгнэлтийг тэрбээр эшилж, шинэчлэлийг хийхийг тулд салбарын системийн бүтэц, хөрөнгө оруулалтын орчин, улс төрийн эрмэлзэл, хүсэл зорилго, зохицуулалтын орчин, хэрэглэгчдийн оролцоо, дэд бүтцийн бэлэн байдал, инэч санаачилгыг дэмжсэн бизнесийн орчин, институцчлал засаглалын бэлэн байдлыг хангах ёстой гэдгийг дурдав.

 

Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг өнгөрөгч тавдугаар сард боловсруулсан Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг танилцууллаа. Хуулийн төслийг боловсруулах хүрээнд Эрчим хүчний тухай хуулийн үр дагаврын үнэлгээг хийх, гадаад улс орнуудын дулаан хангамжийн хууль, эрх зүйн орчныг судлах, хуулийн үндсэн концепцийг тодорхойлж, төслийг бичих, салбарын оролцогчид, эрдэмтэн судлаач нар болон иргэд, олон нийтийн саналын авч тусгах зэрэг ажлууд хийснийг тэрбээр дурдаад, иргэд, байгууллагаас нийтдээ 859 санал ирснийг онцоллоо. Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл салбарын бодлого, төлөвлөлт ба хяналт-шинжилгээ, үнэлгээ, төр захиргааны болон дулаан хангамжийн байгууллага, хэрэглэгчдийн үүрэг оролцоо, эрх, гэрээ, тоолуурын болон мэдээллийн систем, салбарын техник, технологийн норм, стандарт, аюулгүй байдлын шаардлага, системийн зохион байгуулалт, сүлжээний холболт, хяналт, шалгалт, хариуцлага зэрэг 15 бүлэгтэй боловсруулагджээ. Төсөлд дулаан хангамжийн системийг төвлөрсөн, хэсэгчилсэн, бие даасан гэсэн ангилалтай байхаар зааж, хэсэгчилсэн болон бие даасан системүүд төрийн оролцоогүй, тусгай зөвшөөрөл авахгүй, үнэ тарифаа батлуулахгүй, мөн хувийн хөрөнгө оруулалтад тулгуурласан байхаар тусгасан байна. Харин Улаанбаатар хот, аймаг, сумын төвийн дулааны эх үүсгүүр, төвлөрсөн сүлжээг бүхэлд нь хамруулсан төвлөрсөн дулаан хангамжийн систем нь төрийн зохицуулалттай байх юм.

 

Дулааны эх үүсгүүрүүд дулаан, цахилгаан хосолсон, дулаан дангаар үйлдвэрлэх бие даасан, оргил ачааллын болон дулааны хуримтлуур гэсэн төрөлтэй байхаар хуулийн төсөлд тусгаж, дулаан дамжуулах сүлжээ төрийн өмчлөлд байх, мөн 30 МВт, түүнээс доош дулаан нийлүүлж буй түгээгч, хангагч нар тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар заажээ. Мөн дулаан түгээх хангах үйл ажиллагаа эрхлэгчдэд нэгдмэл нэг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, түгээх сүлжээнд холбогдох тэгш боломжоор хангах, сүлжээний тасралтгүй, аюулгүй, найдвартай ажиллагааг хариуцах зэрэг шаардлага тавигдахаар тусгасан гэв. 

Уг хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүч, дулааны үр ашгийн талаар нэг бүлэг байгаа. Энэ нь өрсөлдөөнт зах зээлийн харилцаанд шилжихэд чиглэсэн харилцааг зохицуулах ажээ. Зах зээлийн шударга өрсөлдөөнд шилжихийн тулд эхний ээлжинд эрчим хүч үйлдвэрлэгч, хангагчдад горимын зөрчил тооцож, хариуцлагыг нэмэгдүүлэх тогтолцоог бий болгон, үйлдвэрлэгч-хэрэглэгч хоорондоо шууд гэрээлэх боломж бүхий зах зээлийг үе шаттай нээж, өрсөлдөөнт зах зээлд оролцогчдыг сургах, чадавхжуулах үйл ажиллагааг салбарын 0.1-3.0 хувьд явуулсны үр дүнд хангагч нар хэрэглэгчдийнхээ хэрэглээний таамаглалыг боловсруулж, системийн төлөвлөгөөг үр ашигтай байлгахад чиглэж ажиллах боломж бүрдэнэ гэж ажлын хэсэг тооцоолсон байна. Ингэснээр шилжилтийн үеийн зах зээл буюу нэг худалдан авагч давамгайлсан, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоо бүрдэж, төвлөрсөн хангамжийн системтэй зэрэгцээ шууд гэрээлэх болон биржийн арилжаагаар дамжуулах эрчим хүчний жижиглэн худалдааны зохицуулалтгүй зах зээл бий болох юм.

 

Дулааны тухай хуулийн үзэл баримтлал ямар байх нь зүйтэй талаар ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуулийн ахлах багш, доктор А.Түмэнбаяр дараа нь мэдээлэл хийсэн юм. Тэрбээр энэ харилцааг ямар хууль, журмаар хэрхэн зохицуулж ирснийг товч танилцуулаад, дулааны үйлдвэрлэл, хангамжийн хөгжлийн чиг хандлага, эх үүсвэрийн баяжилт, улам өргөжин буй боломжийн тухай дурдаж, байгаль орчинд ээлтэй, техник, эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, тэдгээрийн аж ахуйн нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх, зохицуулах үүрэгтэй хуулийн зөв механизмыг бий болгох нь чухал болохыг тэмдэглэв.

 

Эрчим хүчний реформын талаарх нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид салбарын мастер төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, эх үүсвэрийн нэгдсэн төлөвлөлтийн талаар олон улсын мэргэжлийн байгууллагаас зөвлөх үйлчилгээ авч ажиллах, тусгай зөвшөөрлийг багасгах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний салбарт карбон кредит тооцож, цэвэр үйлдвэрлэл, зах зээлийг хөгжүүлэх, үйлдвэрлэгчдээс түгээх сүлжээнд нийлүүлж буй бүтээгдэхүүний үнийн зөрүүг арилгах, тархмал эх үүсвэрийг дэмжиж, бага оврын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг сүлжээнд холбох асуудлыг шийдвэрлэх, салбарын удирдлага, бодлого тодорхойлогчид ойлголт, үзэл баримтлалаа нэгтгэж, реформыг эрчимжүүлэх зэрэг олон асуудлаар илтгэгчид болон Улсын Их Хурлын гишүүд, холбогдох байгууллагын төлөөллөөс асуулт асууж, санал бодлоо солилцов.

Хэлэлцүүлгийг дүгнэж Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн хэлэхдээ, жил гаруйн өмнө бид энэ салбарын бодлого, үйл ажиллагаа, үнэ тариф, зохицуулалтыг төрөөс нэхэж байсан бол одоо тархмал эх үүсгүүр, сэргээгдэх эрчим хүчний шинэ боломжууд, харилцан холболтын тохируулга, зах зээлийн харилцаа зэрэг илүү өргөн, гүнзгий агуулгаар мэтгэлцэж буй нь эрчим хүчний реформыг хэрэгжүүлж буйн үр дүн гэж онцолсон юм. Реформын хүрээнд судалгаа, танин мэдэхүйн ажил их хийгдсэн гэдгийг тэрбээр дурдаад, салбарын бодлого, төлөвлөлт, удирдлагыг хэрэгжүүлж буй хүмүүс, мэргэжилтнүүдийн дунд ойлголтын болон үзэл баримтлалын зөрүүтэй байгааг хүлээн зөвшөөрч, цуглаж суугаад сайтар ярилцах, ойлголцох шаардлагатайг тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!