Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР Ерөнхийлөгч асан Х.БАТТУЛГАД нуруугаа харууллаа

Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаан Монголын улс төр дахь Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын нөлөө унаж, санхүү болон улс төрийн эрх ашгаа хамгаалахад амаргүй цаг үетэй бүрэн дүүрэн тулсныг нотоллоо. Учир нь, Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар “Төгрөг нуур энержи” ХХК-д олгосон дөрвөн төрлийн хайгуулын зөвшөөрлийг хүчингүй болгож, “Эрдэнэс Монгол” нэгдэлд нэгтгэхээр шийдвэрлэсэн. Дөрвөн тэрбум тонн нүүрсний ордыг Ерөнхийлөгч асан Х.Батулгын хамаарал бүхий этгээд буюу төрсөн эгчийнх нь хүргэн Хонконгийн хөрөнгийн биржид 250 сая ам.доллараар зарсан ч Монгол Улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй. Мөн уг ордын лицензийн анхны эзэмшигч болох Л.Дүгэржав агсанд тодорхой дарамтад үзүүлэх замаар тодорхой бус нөхцөлд лицензийг нь дээрэмдэж авсан тухай мэдээллийг талийгаачийн охин Д.Болормаа хэвлэл мэдээллээр зарлаж, асуудлыг Авлигатай тэмцэх газраар шалгуулахаар өргөдөл удаатай.
Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарын энэ удаагийн “Төгрөг нуур энержи” компанийн мэдэлд олгосон дөрвөн лицензийг хураах шийдвэр олны хүлээлтэд нийцсэн ч Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд улс төр болон эрх ашгийн хувьд анхны том ялагдлаа зүй ёсоор хүлээж буй нь энэ юм. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын хэмжээнд лицензийн тооллого зохион байгуулж, лиценз эзэмшигчдийн тухай мэдээллийг ил тод зарлан “Эрдэнэт” үйлдвэр дээр суурилсан үүсмэл ордууд болох “Ачит ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнэ” зэрэг компаниудтай хэлэлцээ хийж албан ёсоор энэ оны аравдугаар сард асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгосон байна.
Ийн гүйцэтгэх засаглалын тамга атгаснаас хойш нийгмийн асуудалд илүү анхаарч байсан Ерөнхий сайдын хувьд гэнэтийн шийдвэрээр Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг хураасан явдал нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга руу нуруугаа харуулсан хэрэг бөгөөд улс төрийн хувьд МАН дахь нөлөөг нь таслан зогсоохоо илэрхийлж буй тодорхой үг үйлдэл байж болох юм.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!