ОХУ эрүү шүүлтийн эсрэг Европын конвенцоос гарна

ОХУ Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх тухай Европын конвенцоос албан ёсоор гарах гэж байна. Тодруулбал, ерөнхий сайд Михаил Мишустин өнгөрсөн Бямба гаригт албан зарлигт гарын үсэг зурж, ОХУ-ын парламентын доод танхим болох Төрийн Думд өргөн мэдүүлсэн байна.
Эрүүдэн шүүх, хүнлэг бус буюу нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхээс урьдчилан сэргийлэх тухай Европын конвенцийг 1987 онд баталсан. Тус конвенцид нэгдсэн гишүүн орнуудын цагдан хорих байруудад шалгалт хийхийг зөвшөөрдөг. ОХУ Европын зөвлөлд элссэнээс хойш хоёр жилийн дараа буюу 1998 онд уг гэрээг соёрхон баталсан юм.
Гэвч Украинд халдан довтолсныхоо дараа 2022 оны гуравдугаар сард ОХУ Европын зөвлөлөөс гарсан. Тэр жилдээ Европын Хүний эрхийн тухай конвенцоос гарч, Европын Хүний эрхийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үүргээ дуусгавар болгосон юм.
ОХУ-ыг Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх тухай Европын конвенцид нэгдсэн 27 жилийн хугацаанд Европын хороо 30 удаа айлчилж, 27 илтгэлийн төсөл боловсруулсан ба үүнээс дөрвийг нь л нийтлэхийг Москва зөвшөөрчээ.
ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!