МЕГА төсвөөс ИРГЭНИЙ төсөв рүү...

Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар 2026 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж, есдүгээр сарын 1-нээс өмнө УИХ-д өргөн барихаа мэдэгдэв. Уг төсвийн төслийн тухайд Ерөнхий сайд Г.Занданшатарын танилцуулж байгаачлан “ИРГЭНИЙ ТӨСӨВ” хэмээн нэрлэж болох бөгөөд үндсэн үзэл санаа нь Засгийн газраас зохион байгуулсан “Иргэдийн оролцоо-Төсвийн шинэчлэл” санал асуулгад оролцсон 187 мянган иргэний санал бодолд тулгуурласан байх учиртай.
Өөрөөр хэлбэл, нийт санал асуулгад оролцсон иргэдийн 129 мянга нь эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүссэн бол 105 мянга нь боловсрол, 88 мянга нь эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэх хэрэгтэй гэж үзсэн. Мөн төрийн захиргааны байгууллагын зардлыг бууруулж, төрийн өмчит компаниудыг татан буулгахыг олонхиороо дэмжсэн нь ирэх оны төсвийн төслийн чиг баримжаа зорилго, зорилт болоод зогсохгүй Засгийн газрын үйл ажиллагааны зарчим болж тогтох ёстой. Энэ нь “Засгийн газар иргэний санаа бодлыг тусгаж ажиллана” гэсэн Ерөнхий сайд Г.Занданшатарын УИХ-ын чуулганы танхимд өгсөн амлалтын үндсэн бөгөөд тэрбээр энэ амлалтаасаа ухарч гэмээнэ хувь улстөрчийнхөө тухайд шууд ялагдал хүлээхэд хүрнэ.
Нэг ёсны мега төсөлд тулгуурласан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын төсвийн бодлого үндсэндээ Ерөнхий сайд Г.Занданшатарын үед бүрэн утгаар иргэний санал бодолд тулгуурласан нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх шинэ зам руу эргэж буй нь энэ. Гэхдээ уг замын гол онцлог нь иргэдийн саналд тулгуурласан гэдгээр онцлог бөгөөд мега төслүүдийн тухайд ач холбогдлын эрэмбэ дарааллын өөрчлөлтүүд ирэх өдрүүдийг хүлээж буйг Г.Занданшатарын Засгийн газраас мэдэгдээд хоёр сарын үдэж байгааг сануулья.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!