Улс төр яах вэ, улс чинь эм, эмнэлгийн үйлчилгээгүй болох нь!

Намрын налгар өдрүүдийн тухай төсөөлөл уран зөгнөл рүү шидэгдсэн байх гэмээр улс төрийн халуурал эрчмийг авч буй энэ өдрүүдэд зүй ёсны хөндөх, улс орны төлөө дуугарах ёстой сэдэв цөөнгүй арчигдаж үлдэх боллоо. Үүний нэг нь өчигдөр буюу 2025 оны наймдугаар сарын 26-ны өдөр “Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбоо “ЭМ” холбооны мэдэгдэл.
Уг мэдэгдэлд “Эрүүл мэндийн байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөрөө гэрээт хугацаанд барагдуулаагүйн улмаас он дамжсан авлага үүсэж, одоог хүртэл бүрэн төлөгдөөгүй байна. Үүний улмаас 2025 онд эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөр нэмэгдсэнээс улбаалан эм хангамжийн байгууллагуудын хэвийн тогтвортой үйл ажиллагааг алдагдуулж, эм эмнэлгийн хэрэгслийн тасалдал үүссэн ноцтой байдалд хүрээд байна. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудаас авах авлага салбарын эргэлтийн хөрөнгийн 40 хувьд хүрч, эм хангажийн төдийгүй эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа бүхэлдээ доголдоход хүрлээ” хэмээсэн бөгөөд удаа дараа УИХ, Засгийн газар, Сангийн яам, Эрүүл мэндийн яам болон төрий эрх бүхий байгууллага, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад уг асуудлыг танилцуулж, шаардлага хүргүүлсэн ч үл тоон, хариу арга хэмжээ аваагүйг дурдсан байв. Улмаар “Иймд эм хангамжийн байгууллагаад амь тэнссэн болон аяралтай тусламжид шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслээс бусад эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс аргагүй байдалд үүслээ. Дээрх арга хэмжээнээс шалтгаалан гарах аливаа үр дагаврыг эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн байгууллагууд хариуцах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна. Дээрх арга хэмжээнээс шалтгаалан гарах аливаа үр дагаврыг эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн байгууллагууд хариуцах боломжгүйг мэдэгдэж байна” гэсэн нь төрийн мэдлийн эм, эмнэлгийн байгууллагууд бүрэн дүүрэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжгүй болж буйг сануулсан хэрэг байлаа.
Харамсалтай нь, уг мэдэгдэл гарах хүртэл үргэлжилсэн шаардлага шахалтад өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байгаагаас үүдээд Монголын төр болоод улс төрд улстөржилт, зөрчил тэмцэл чухал болохоос бус монгол хүний амь нас, эрүүл мэнд огтын чухалд үнэлэгдэхгүй байна хэмээн дүгнэж болмоор. Мөн Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан тухайн үедээ “Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулсан. Эрүүл мэндийн салбар хэвийн ажиллах боломж бүрдлээ” хэмээн мэдэгдэж байсан ч энэ үг, үйлдэл нь худал байсныг дээрх “Эм” холбооны мэдэгдэл нотолно. Мөн Эрүүл мэндийн шинэ сайд Ж.Чинбүрэн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж, эмчилгээний зардал шийдэж өгөхийг гуйсан арван настай Н.Энхжин охины илэндалангуй харилцааны үр дүнд насанд хүрээгүй хүүхдийн эмчилгээний зардлыг төрөөс хязгаарлахгүй гэдэг шийдвэртэй үлдсэнийг эс тооцвол мөн л дээрх өр төлбөрийг барагдуулахын тулд ажил хийсэнгүй. Үндсэндээ бүтэн хоёр сар өнгөрчихөөд байхад эм, эмнэлгий хэрэгсэл нийлүүлэгчидтэйгээ уулзаж ярилцахгүй, асуудлаа шийдэхгүй байна гэдэг Эрүүл мэндийн шинэ сайдад ч итгэл хүлээлгэх нь хайран цагийн болохыг илэрхийлж буй хэрэг. Иймд улс орноо нэгжиж харья. Улс төрөөс ач холбогдолтой амин чухал сэдвээ тойрч “мөлжье” хэмээн уриулахад буруу зүйл үгүй биз ээ. Тэр дундаа эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж монгол хүний амь насаар хэмжигддэг гэдгийг мартаж боломгүй.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!