Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой

Төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулах зорилгоор бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой тогтоох, үр ашиггүй зардлыг танах, хэмнэх талаар Ерөнхий сайдын албан даалгавраар хугацаатай үүрэг өгсөн. Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Эрдэнэс Монгол” нэгдэл, харьяа компаниудын удирдлагуудтай уулзаж албан даалгаврын биелэлттэй танилцлаа.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тус нэгдлийн өөрчлөлт, шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Орлогоо нэмэгдүүлж, зардал бууруулах гурван үе шаттай төлөвлөгөө боловсруулсан байна.
“Эрдэнэт үйлдвэр” 208 тэрбум, бусад компани нийт 95 тэрбум төгрөгөөр борлуулалтын орлогоо давуулан биелүүлэхээр ажиллаж байна. “Шивээ-Овоо”, “Багануур” зэрэг компанийн борлуулалт 32 тэрбум төгрөгөөр буурсан. “Эрдэнэс Тавантолгой” 199 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” 320 тэрбум, бусад компани 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус хойшлуулжээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагааны зардлаа 1.3 их наяд, бусад компани 45 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргажээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын тэргүүлэх зорилт. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд данхар бүтэцтэй, бүтээмж муутай байгааг олон нийт шүүмжилж байна. Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд 188 мянган иргэн санал ирүүлснээс 38 мянга нь төрийн өмчийн компаниудыг татан буулгах, үргүй зардал, нүсэр бүтцийг цомхотгох санал өгсөн байна. Засгийн газар иргэдийн шүүмжлэлийг хүлээн авч, ажил хэрэгч саналыг сонсож, дэмжиж ажиллана. “Эрдэнэс Монгол” нэгдэл газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд шударга хуваарилах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Та бүхэнд дөрвөн их наяд төгрөгийн үр ашиг гаргах боломж байна. 2025 онд орлого нэмэгдүүлэх төлөвлөгөөг дөрвөн их наядаас бууруулахгүй байхыг үүрэг болгож байна” гэлээ. Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн болон төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстойг Ерөнхий сайд сануулав.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдэл ирэх жилд экспортын хэмжээ, улсын төсөвт оруулах татвар, хураамжаа нэмэгдүүлж Үндэсний баялгийн санг арвижуулах учиртайг Ерөнхий сайд анхааруулаад нэгдлийн хэмжээнд боловсруулах үйлдвэр болон худалдан авах ажиллагааны нэгдсэн төлөвлөлт, удирдлагатай байх нь зүйтэй гэлээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!