Л.Оюун-Эрдэнийн намрын ГУРВАН ШИЛБҮҮР

Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн найр наадмын гурван сар өндөрлөж, намрын улс төрийнхөө бэлтгэл ажлыг эхлүүлэв. Учир нь, өнгөрсөн долоо хоногт албан бус мэдээллийн хэлбэрээр цахим хэвлэлд хэд хэдэн мессеж хаясан бөгөөд үүнийг нь зургадугаар сарын 3-ны өдөр УИХ-ын олонхийн шийдвэрээр албанаасаа чөлөөлөгдсөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн зүгээс шидсэн гэнэтийн чулуу хэмээн үзэж болно.
Нэгдүгээр мессеж:
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Ухаа худаг”-ийн асуудлаар ордонд уулзалт хийж эхлэв гэсэн мэдээлэл. Уг мэдээллийг сошиалын уламжлалт баг нь дэмжиж, ажилласны дээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ албанаасаа чөлөөлөгдсөнөөр “Ухаа худаг” битгий хэл Үндэсний баялгийн сангийн хэрэгжилт нам зогслоо гэдэг тайлбар, дүгнэлтүүд ихээр явсан. Угтаа бол шинэ Засгийн газар Үндэсний баялгийн сангийн хэлэлцээг удирдаж, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах ажлын хэсгээ наадмын өдрүүдэд байгуулсан. Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Та “Ухаа худаг”-ын асуудал болохгүй байна. “М-Си-Эс”-ийн улс төрийг дийлэхгүй байна гэдэг. Гэтэл Ж.Оджаргал захирал Ерөнхи сайдын дэргэдэх Бизнесийн зөвлөлд бодлого тодорхойлоод Засгийн газартай хамтарч ажиллаж байна. Гэтэл өнөөдөр дахиад Ухаа худгаас болж Засгийн газар огцроход хүрлээ гэх юм. Та нар зөвлөл дээрээ ойлголцдоггүй юмуу. Ийм ойр нэг нь зөвлөөд, нэг нь зөвлүүлээд ажиллаж байгаа хэрнээ наашаа хараад болохгүй байна, бүтэхгүй байна гээд байгаа нь ямар учиртай юм бэ” гэж асуухад Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Ж.Оджаргалтай уулздаг. Уулзаж ярьсан, ярьдаг. Тэдний тал 34 хувийг борлуулалтын орлогоос тооцьё гэдэг санал тавьсан. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай ярилцсан. Гэхдээ ойлголцохгүй асуудал бас байгаа” гэдэг хариулт өгсөн. Эндээс Ухаа худгийн нүүрсний тухай асуудал Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёрын хэн хэнийх нь хувьд нэг нэгнийхээ өмнө хөшиг татсан хаалттай сэдэв байгаагүй. Ерөөсөө тэдний ойлголцол 100 хувь бус ч 50-70 хувьтай байсан нь экс Ерөнхий сайдын дээрх хариултаас харагдана. Гэсэн ч шинэ Ерөнхий сайдын бодлого тодорч, стратеги боловсруулагдаж буй хоёр сарын төгсгөлд “Ухаа худаг”-аар улс төр хийхээ зарласан нь намрын улс төрийг угтаж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын фанатуудын дэмжлэгт найдаж буйн илэрхийлэл бизээ.
Хоёрдугаар мессеж:
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын даргын хувиар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санал гаргасан нь хоёр жилийн өмнө 100 мянга гаруй иргэний саналаар дэмжигдсэн ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын зүгээр хэрэгжүүлэх боломжгүй хэмээн үзсэн. Энэ удаад Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд дээрх саналаа дахин дэвшүүлснийг хуучин Ерөнхий сайдын сошиал багаас улс төрийн хоёрдугаар сэдэв болгон өнгөрсөн амралтын өдрүүдэд сэвж эхэлсэн. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх Д.Амгаланбаатарын “НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосноор өндөр орлоготой хүмүүст ашигтай. НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосноос НӨАТ-ыг жигд таван хувь болгон бууруулах тухай хэлсэн бол сайн мэдээ болох байлаа” гэсэн тайлбар дээрх улс төрийн нэг хэсэг бөгөөд “Ажил албан тушаалаа хашиж байхдаа НӨАТ-ыг таван хувь болгуулчихгүй яасан юм бэ” гэдэг асуултыг хаяглаж бичих нь зүй ёсны хэрэг. Нөгөө талд улс төрийн гарц гаргалгаа, бодит дэмжлэг эрэлхийлж байгаа фракц бүлэглэлийн хувьд “Ядууст ашиггүй” гэдэг хоёр үгээр хорвоог эргүүлнэ хэмээн тооцож буй нь буруу биш. Гэхдээ “Татвар бууруулах боломж таван жилд олдоогүй юу” гэж асуух нь олонх болчихвол энэ сэдэв нэмэх оноо гэхээс илүүтэй дахин нийгмийн эгдүүцэл цуглуулж мэдэх л юм.
Гуравдугаар мессеж:
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг албан болон албан бус эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх тухай мессеж сошиалд түгээсэн нь яав ч санаандгүй хоосон хов биш. Ганц үг газар гээхгүй сөргөлддөг Х.Нямбаатар даргын хувьд өнгөрсөн амралтын өдрүүдийг дээрх хоёр мессежид тайлбар хийж “Хятад улсад худалдагдаагүй” гэдэгтээ тайлбар пост бичиж өнгөрүүлсэн ч “Гэрэгэ” оффисын 15 давхраас шидсэн чулуу гэдэг таамагтаа олон нийт үнэмлэхүй хувиар итгэсэн. Арга ч үгүй. Угтаа бол Нийслэлийн Засаг дарга хэн байх тухай асуудал бол МАН-ын Их хурлын өмнө хөндөгдөх сэдэв биш. Үүнийг Г.Занданшатар, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ бүр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч мэдэж байгаа. Гагцхүү албан тушаалын томилгоо бүрийн өмнө нэр нь бичигдэж заншсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн Я.Содбаатарыг дахин хавчуулна гэдэг нь 1970 оныхны эсрэг нийгмийн сэтгэл зүйг турхирах бэлтгэл ажил гэдэгтэй маргах хүн гарах нь юу л бол. Өөрөөр хэлбэл, МАН-ын Их хурлыг угтсан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн улс төрийн шилбүүр нь одоогоор энэ гурав. Гэхдээ нэг зүйл тодруулахад ташуур бус шилбүүр шүү. Үүнээс цааш үзэгдэл хэрхэн өрнөх нь найруулагчийн ур мэдэх биз ээ.
Г.ОТГОНЖАРГАЛ
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!