...
...
Улс төр
Sainjargal
7-р сар 31

Улсын цахилгаанд салаавч, УВСЫН ЦЭНГЭЛДЭХЭД ТОГ!

Улсын цахилгаанд салаавч, УВСЫН ЦЭНГЭЛДЭХЭД ТОГ!

Нутаг амьтай УИХ-ын гишүүдийн зүрхэнд нь сонгууль, тархинд нь санал оршдог гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Алслагдмал бүс нутагт арав хүрэхгүй км зам тавьсан л бол од болж, тод гэрэлтэх боломжтойн дээр арав таван төгрөг халааснаасаа хуйлаад шидэхэд ардын баатар, түмний ноён болох нь ч энүүхэнд. Үнэндээ улс орны амьдрал өөдлөн дэвжиж буй статистик хөрөнгө мөнгө төвлөрсөн нийгмийн цөөнхөд яригдана уу гэхээс олонхоороо орлогогүй, мөнгөгүй, соёлгүй хөгжилгүй амьдарч байгаа нь үнэн. Иймийн учир улсын төсөв бараадаж хэд гурван км зам тавих, ганц нэг барилга байшин гурав дөрвөн жил дамнан бариулах, ах дүү хамаатан саднаа тойгуулдах нь УИХ-ын гишүүний үндсэн ажил гэж болно. Гэхдээ тэдний хувьд энэхүү хөнгөн эрх, хөлгүй дэмжлэг нь хангалтгүй бөгөөд Засгийн газрын гишүүн болох эс бол Засгийн газрын гишүүний цагийн найз болох хоёр сонголт юу юунаас илүү чухал. Үүний баримт нь, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бахархан дурдаж, олонтаа илэрхийлсэн талархлын сэтгэгдэл. Тэрбээр Увс аймгийн нутгийн зөвлөлийн дарга бөгөөд 100 жилийн ойг тэмдэглэх комиссын тэргүүний хувьд зөвхөн энэ жил бус бүхэл бүтэн хоёр жилийн хугацаанд Засгийн газарт лобби хийж, улсын төсвийн зарлага зардлыг өөрийн дураар төлөвлөн, төвлөрүүлж, танхимынхаа сайдуудаас эхлээд Ерөнхий сайдаа хүртэл лоббидон ажилласнаа ойн наадмын нээлтийн үеэр ил тод зарласан. Ичиж байгаа, бүр Төсвийн тухай хууль зөрчиж, аймаг орон нутгийн ойн баярт санхүүжилт олгохгүй, олгосон ч хэм хэмжээнд захиран зарцуулах ёстой цагаан дээр хараар бичигдсэн хуулийн зүйл заалтыг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайдуудтай нийлэн хамтран зөрчсөн байгаа юм. Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар “Аймаг, сумын ойн арга хэмжээнд Засгийн газраас хэмнэлтийн бодлогын хүрээнд санхүүжилт өгөх боломжгүй. Харин Увс аймагт 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн” хэмээн мэдээллэсэн. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд “Увс аймгийн 100 жилийн ойг угтаж аймаг, орон нутгийн төсвийн 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар наадмын талбай, морь барианы газарт бүтээн байгуулалт хийсэн. Жишээ нь, 4.5 тэрбум төгрөгөөр цэнгэлдэх орчмын газрын дэд бүтцийг шийдвэрлэж, тохижуулсан. Үүнд гол манлайлал үзүүлж ажилласан хүн бол УИХ дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Барилга, хот байгуулалтын сайд асан Ж.Батсуурь бид гурав. Ж.Батсуурь сайддаа баярлалаа. Түүнчлэн төв замын гэрэлтүүлэг, цэнгэлдэх орчмын тог цахилгааныг шийдвэрлэхэд миний багцаас хоёр тэрбум төгрөгийн ажил хийгдсэн. Баруун тойргийн буюу төв цэнгэлдэхтэй холбож байгаа 2.8 км авто замын санхүүжилтийг 2024, 2025 оны төсөвт суулгаж шийдвэрлээд дуусаж байна. Түүнээс гадна цэнгэлдэх орчмын тохижолтын ажил дээр Барилга, хот байгуулалтын сайдын багцаас 670 орчим сая төгрөг гаргуулсан. Түүнчлэн Төв цэнгэлдэх, морь барианы газрын тохижолтод зориулж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан С.Одонтуяагийн багцаас хөрөнгө оруулалтыг нь шийдүүлэх замаар боловсон бие засах газар байршуулсан. Иймд С.Одонтуяа сайдад талархал илэрхийлье. Мөн Ю.Цэдэнбал агсны талбайг шинэчлэн засварлахад зориулж улсын төсвөөс нэг тэрбум 65 сая төгрөнгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ шийдвэрийг гаргахад манлайлж ажилласан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нарт талархал илэрхийлье” хэмээсэн юм. 

Угтаа бол Эрчим хүчний сайдын багцад Монгол Улсын эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, аюулгүй байдлыг хангахад шаардагдах төсөв гэж байхаас бус төрсөн нутаг усных нь төв цэнгэлдэхийг наадмын хоёр өдөрт ашиглахад зориулж хоёр тэрбум төгрөг зарцуулах эрх ч, үүрэг ч байхгүй. Өөрөөр хэлбэл, үүгээрээ тэрбээр шууд утгаараа хууль зөрчсөн гэсэн үг. Нөгөө талаас Монгол Улсын эрчим хүчний салбар үндсэндээ царцанг, зогсонги, тэр дундаа энэ өвлийн тухайд Улаанбаатар хотын цахилгааны хангамж аюулын дохиогоо асаачихсан байгаа. Тог цахилгааны үнийг хоёр дахин нэмсэн ч өнөөдрийг хүртэл эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэлээ Б.Чойжилсүрэн сайд бүрэн дүүрэн батлуулж дөнгөөгүй байгаа. Дээр нь, өнгөрсөн зургаадугаар сарын 2-ны өдөр III цахилгаан станцад гарсан галын улмаас үүдсэн засвар үйлчилгээ бүтэн сар дамнан байж хараахан бүрэн эхлээгүй байна. Ерөнхий сайд Г.Занданшатар гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдсон даруйдаа тус цахилгаан станцад ажиллаж, бүрэн хэмжээний онц байдал зарлаж, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэхийг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Үндсэндээ салбарынх нь асуудал зуун задгай, “Аргална даа” гэсэн үгээр аргацааж өнөөдөрт хүрсэн атлаа төрсөн нутгийнхаа жилдээ хоёрхон өдөрт ажилладаг төв цэнгэлдэхэд Төсвийн тухай хууль зөрчин барин тог татна гэдэг бол Б.Чойжилсүрэн сайдын хувьд огцрох шалтгаан. Иймд Ерөнхий сайд Г.Занданшатараас асууя. Ирэх оны төсвийн төслийг ард иргэдээс асууна гэсэн үгэндээ эзэн болох замаа засаж, Эрчим хүчний сайдыг огцруулах уу гэж...?

Г.ЖАРГАЛ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!