...
...
Logo
Эдийн засаг
Sainjargal
8-р сар 26

Монгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа

Монгол- Люксембургийн харилцааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Роланд Рейландтай уулзлаа.

Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцож, хурлын үр дүнд хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийллээ. Мөн Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр байгуулж буй 5 сая долларын хөрөнгө бүхий “Ганд тэсвэртэй байдлыг дэмжих санхүүжилтийн сан”-г нээснийг сайшааж, газрын доройтолтой тэмцэх үйл хэрэгт Люксембург улс манлайлан ажиллаж байгааг онцоллоо.
Энэ онд Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, хөгжлийн хамтын ажиллагаа эхэлсний 25 жилийн ой тохиож байна.

Талууд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх нийтлэг үнэт зүйлд суурилсан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Ерөнхий сайд Люксембургийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжсэн “Зүрх судасны төв” төслийн үр дүнг онцолж, цаашид “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр буцалтгүй тусламжийн протоколд гарын үсэг зурсныг сайшаалаа.

Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хөрөнгө оруулалтын таатай, урьдчилан таамаглахуйц орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, банкны салбарын реформыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал танилцуулав.


Талууд цаашид хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, шинэ салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Монгол Улс хиймэл дагуултай болох үндэсний зорилтын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!