Засгийн газар 29 хороо, зөвлөлийг татан буулгаснаар 41.6 тэрбумыг хэмнэв

Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдсоны дараа төсвийн хэмнэлтийн тодотгол хийх болон төрийн бүтцийг цомхон, чадварлаг болгоно хэмээсэн билээ. Тэрбээр хэлсэн үгэндээ хүрч өнөөдрийн ээлжит хуралдаанаар хуулиар чиг үүргийг нь тухайлан заагаагүй болон хуульд тусгайлан заасан ч чиг үүргийн давхардал үүсгэж байгаа Засгийн газраас байгуулсан 29 хороо, зөвлөлийг татан буулгах шийдвэр гаргалаа. Нийт 56 хороо, зөвлөл ажиллаж байснаас одоо 27 хороо, зөвлөл үлдэж байна.
Эдгээр хороо, зөвлөлийн ажлын албыг татан буулгаснаар 146 орон тоо хасагдаж, цаашид 41.6 тэрбум төгрөг хэмнэгдэх тооцоолол гарсан болно. Татан буугдсан хороо, зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын гишүүд, яамдууд хэрэгжүүлэх бүрэн боломжтой хэмээн үзжээ. Харин "Эдийн засгийн хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газар, “20 минутын хот хөгжлийн төв”, “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХХК-ийн чиг үүрэг, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, бүтэц, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал боловсруулан, танилцуулах үүрэг өгчээ.
Дараахь хороо, зөвлөл татан буугдлаа:
1. Үндэсний баялагийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо
2. "Алсын хараа-2050" Салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
3. Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
4. 20 минутын хот Үндэсний хороо
5. Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
6. Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо
7. Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
8. Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо
9. Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо
10. Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо
11. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороо
12. Дэлхийн өвийн үндэсний хороо
13. Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо
14. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороо
15. Үндэсний тээврийн хороо
16. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл
17. Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл
18. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл
19. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл
20. Оюуны өмчийн үндэсний зөвлөл
21. Хэмжил зүйн зөвлөл
22. Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөл
23. Сансрын бодлогын үндэсний зөвлөл
24. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөл
25. Усны үндэсний зөвлөл
26. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл
27. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл
28. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний Зөвлөл
29. Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!