Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г тус газрын дарга Ц.Төрхүү угтан авч, байгууллагынхаа талаар танилцууллаа.
Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн хайгуулыг хийх ажил” (1991-1996 он), “Ус хангамжийн системийг нэн яаралтай шинэчлэх мастер төлөвлөгөөний өргөтгөл шинэчлэлийн эхний ээлж” (1997-2000 он), хоёрдугаар ээлж (2005-2007 он), Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх “Гачууртын эх үүсвэр” (2012-2014 он) төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Япон Улсын тусламж дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын ундны ус цуглуулах, түгээх, хянах хүчин чадал үнэмлэхүй хэмжээгээр нэмэгдэж, техник, технологийн шинэчлэл, сайжруулалт хийгджээ.
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Оксфордын их сургуульд “Ус судлал”-ын чиглэлээр суралцан, төгсөлтийн судалгааны ажлаа 18-19 дүгээр зууны Темза мөрний тээврийн сэдвээр бичиж, хожим “Темза мөрөнтэй хамтдаа” номоо гаргасан.
Тэрбээр “Дэлхийн усны форум” зэрэг олон улсын хурал, чуулганд тогтмол, идэвхтэй оролцож, “ус судлал”-ыг амьдралын хэвшлээ болгон, ахисан түвшинд судалгаа, шинжилгээ хийдэг юм.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито мөн өдөр “Гачууртын эх үүсвэр” төслийн үйл ажиллагаатай танилцлаа.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд “Гачууртын эх үүсвэр”-ийг шинээр барьж байгуулах төслийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын хөрөнгөөр 2011-2014 онд хэрэгжүүлсэн нь Улаанбаатар хотын иргэд, ялангуяа гэр хорооллын 390,000, орон сууцны 43,500 оршин суугчдыг цэвэр, аюулгүй ундны усаар хангах боломжийг бүрдүүлсэн юм.
Гачууртын эх үүсвэр нь Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Дамбадаржаа чиглэлийн гэр хорооллын бүсийг ундны усаар хангах, тус бүсэд дахин төлөвлөлт хийж барилгажуулахад томоохон ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!