...
...
Улаанбаатар
Sainjargal
7-р сар 07

Хотын дарга Х.Нямбаатар “JP Morgan” банкны төлөөлөгчдийг Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа

Хотын дарга Х.Нямбаатар “JP Morgan” банкны төлөөлөгчдийг Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлж буй. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог барьж байгуулах төсөлд шаардлагатай санхүүжилттэй холбоотой ажлууд эрчимтэй үргэлжилж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Улаанбаатар метро төслийн менежер Т.Мөнхдалай нар үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч JP Morgan Chase банкны Ази, Номхон далайн бүсийн Төрийн байгууллагын харилцаа хариуцсан захирал Karl E Yeh тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ онд нийслэл хот авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, трамвай, метроны шугам гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлуудад олон улсын нээлттэй тендерийг үе шаттай зарлаж байгаа. Эдгээр төсөл, хөтөлбөрийн нэг болох Улаанбаатар метро төслийн үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч банкаар JP Morgan банк сонгогдсоны хувьд цаашид санхүүжилтийн баталгааг бий болгоход хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн юм.

JP Morgan Chase банкны Ази, Номхон далайн бүсийн Төрийн байгууллагын харилцаа хариуцсан захирал Karl E Yeh цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэв.

Ташрамд, Улаанбаатар метро төслийн үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч банкаар сонгогдоод буй JP Morgan банк нь АНУ-д төвтэй дэлхийн хотуудын метро, нисэх буудал томоохон дэд бүтцийн санхүүжилтийг ECA баталгааны хүрээнд босгодог мэргэшсэн, үндэстэн дамнасан томоохон банк юм. Уг банк нь энэ оны дөрөвдүгээр сараас нийслэл хотын сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланд үнэлэлт дүгнэлт хийх, цаашдаа Монгол Улсын холбогдох хууль, журамд шинжилгээ хийж, олон улсын зах зээл дээрээс Улаанбаатар метро төслийн санхүүжилтийг босгох үүрэгтэйгээр идэвхтэй ажиллаж байгаагаа илэрхийллээ. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!