Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.07.07/ 16 цаг 39 минутад гишүүдийн 54.2 хувийн ирцтэй эхэлсэн.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд хуралдааныг Байгаль орчин болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хэлэлцүүлгээр үргэлжлүүллээ. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатараар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, М.Ганхүлэг, С.Замира, М.Мандхай, А.Ундраа, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг онцолсон.
Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх багийг байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Тамгын газрын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын алба, Хяналт шалгалтын газар, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Байгаль орчны мэргэшсэн аудиторуудын холбооны төлөөллийг оролцуулан ажилласныг дурдахын зэрэгцээ ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх баг 2025 оны 01 дүгээр сарын 30, 03 дугаар сарын 13, 03 дугаар сарын 21, 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний аудитын газар, Сангийн яамнаас мэдээлэл сонсох уулзалтуудыг хийж, ажлын хэсгийн тайланг бэлтгэсэн гэв.
Ажлын хэсэг дээрх мэдээлэл, тайлантай танилцаад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гадаад зээл, тусламжийн зарцуулалттай холбоотойгоор санал боловсруулсан байна. Уг саналд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зээл, тусламжийн ашиглалтыг нэмэгдүүлэх, үлдэгдэл хөрөнгийг хугацаанд нь бүрэн ашиглах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, санхүүжилт, зардлын бүтцэд нарийвчилсан шинжилгээ хийж гадаадын зөвлөх, менежментийн зардал зэрэг гадагшаа чиглэсэн, үр ашиггүй өндөр зардлыг бууруулах, дотоодын оролцоог нэмэгдүүлэх зохицуулалтыг сайжруулах, Монгол Улсын хэмжээнд гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт нэгдсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх оновчтой системийг бий болгох, нийт төсөл, хөтөлбөрүүдийг үнэлэх шалгуур үзүүлэлт, аргачлалыг боловсруулах, стандартчилах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай талаар дурджээ.
Мөн гадаад зээл, тусламжийн мэдээллийг төвлөрүүлсэн, төсвийн хөрөнгө оруулалтын одоогийн цахим системийг интеграцчилсан, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн цахим мэдээллийн санг байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн дараах үе шатанд “үр өгөөж, үр нөлөөг тогтвортой хадгалах стратеги” боловсруулж, үйл ажиллагааг дотоод нөөцөөр үргэлжлүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх, орон нутгийн байгууллагуудын хүний нөөцийн оновчтой бодлого хэрэгжүүлэх, гадаад зээл, тусламжийн гэрээ, төслийн менежмент, олон улсын донортой харилцах ур чадвар бүхий мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх, төсөл, хөтөлбөрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хэрэгжүүлэх замаар салбар бүрд нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулж, тусгай нэгж бүхий бүтцээс татгалзан бүтэц, зардлыг оновчлох, үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар уг саналд тусгасан байв.
Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, З.Мэндсайхан, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд уг ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд туссан зарим асуудлыг тодорхой нарийвчлан тусгах, сайжруулах шаардлагатай гэж үзсэн тул Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!