Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж байгаа асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга нараас ирүүлсэн санал, хүсэлтийг хэлэлцэж Засгийн газрын тогтоол батлан гаргалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлын үеэр төрийн бүх шатанд ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлж, төсвийн хэмнэлтийг салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, Засгийн газрын танхимын зарчмыг хатуу мөрдөн, нэгдмэл байр суурьтай ажиллах шаардлагатай байгааг онцлоод Ерөнхий сайдын Албан даалгавар гаргалаа.
Манай улсад сүүлийн үед ололт амжилт, баяр бахдал төрүүлсэн үйл явдлууд өрнөхийн зэрэгцээ монгол хүний сэтгэлийг шимшрүүлсэн, хүнлэг ёсноос ангид ноцтой үйлдлүүд гарч байна. Энэ нь ганц нэг хүний ёс суртахууны алдаа бус, нийгмийн гүн давхаргад оршиж буй цогц асуудлуудын илрэл юм. Ядуурал, боловсролын тэгш бус байдал, архидалт, сэтгэцийн эрүүл мэндийн хямрал, ёс суртахууны уналт зэрэг нь энэ нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд ёс суртахуун, хариуцлагын боловсрол, сэтгэлзүйн дэмжлэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагуудад Ерөнхий сайд санууллаа.
БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ, АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР:
1.Ажлын байр шинээр бий болгоход шаардлагатай гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжиж, хүнд суртал, шат дамжлагыг халах, хөрөнгө оруулагчдад хууль бусаар саад дарамт учруулж байгаа этгээдүүдэд хууль, журмын дагуу хариуцлага тооцож ажиллах;
2.Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн онцлог, нөөц боломж, давуу талыг харгалзан үзэх;
3.Түүх, соёлын дурсгалт газруудыг хамгаалах, аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх замаар орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
4.Орон нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, тухайн орон нутагт байгаа түүх, соёлын дурсгалт газруудын талаарх үнэн, зөв мэдээллийг агуулсан мэдээлэх тэмдгийг байршуулах;
5.Ажилтны мэдлэг, боловсролын түвшин, мэргэжлийн ур чадварыг хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд байнга анхаарч, давтан сургах, мэргэшүүлэх, шинэ мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
6.Хөдөлмөр эрхлээгүй иргэд болон албан бус хөдөлмөр эрхлэгчдийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сүлжээнд хамруулах арга хэмжээ авч, хөдөлмөрийн статистикийн тогтолцоог бүрдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн чанарыг сайжруулах, тоон үзүүлэлтийн хүрээг өртгөтгөх замаар ажиллах хүчний болон ажлын байрны судалгааг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах.
ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ШУУРХАЙ, ТАСРАЛТГҮЙ, ТОГТВОРТОЙ БАЙХ ЗАРЧМЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ХҮРЭЭНД:
1.Төрийн албаны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, шийдвэр гаргалтад хиймэл оюун ухаан, их өгөгдлийг ашиглах, инноваци, шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;
2.Улс төрөөс ангид, чадахуйн зарчимд суурилсан хүртээмжтэй, шуурхай, хариуцлагатай төрийн үйлчилгээг хүргэх, хүнд суртал, шат дамжлагыг бууруулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн бодитой зохион байгуулж, үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх;
3.Төрийн удирдах албан тушаалтны хувьд чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ард түмэнтэйгээ ойр байж, иргэдээ сонсох, тэдний итгэл хүлээлт, хүсэл зоригт нь нийцүүлэн төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээг чанд сахиж ажиллах;
4.Бүх шатны төрийн албан хаагчийг хууль бусаар томилж, чөлөөлөх, аливаа хэлбэрээр дарамт, шахалт үзүүлэхгүй байх, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг ханган, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх.;
5.Хувийн хэвшил, , мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим чанд баримталж, төрийн зарим үйлчилгээний чиг үүргийг гүйцэтгүүлж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах;
6.Орон нутгийн өмчит болон өмч давамгайлсан аж ахуйн нэгж, компанийн хэмжээнд сахилга, хариуцлагыг дээшлүүлж, бүх шатанд төсвийн үр ашиггүй зардлыг танан, хэмнэлтийн горимыг чанд мөрдөх, бүтэц, чиг үүргийн давхардлыг арилган, орон тоог үе шаттай цөөлөх ажлыг зохион байгуулах.
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР:
1.Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг зохих журмын дагуу ил болгох;
2.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгах үүргийн биелэлтэд харьяа байгууллага, хуулийн этгээдийн хэмжээнд тогтмол хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага тооцож ажиллах;
3.Төрийн албаны ёс зүйн тухай хууль, Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу ашиг сонирхолын зөрчлөөс ангид ажиллаж, авилга, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, шударга бус байдалтай тууштай тэмцэх, таслан зогсоох, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглахгүй байх;
4.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу гадаад томилолтыг хязгаарлаж, тансаглалыг таслан зогсоох талаар харьяа байгууллага, хуулийн этгээдийн удирдлагад үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллах.
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ, ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР:
1.Улс, аймаг, сумын баяр наадам, тэмдэглэлт ой, бүх нийтийн амралтын улирал эхлэж байгаатай холбогдуулан ойн хээрийн түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, зам, тээврийн осол, гэмтэл бусад аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, бүх төрлийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагын удирдлага, зохицуулалт, иргэдийн идэвхтэй оролцоог хангах замаар тэдний дэмжлэг туслалцаатайгаар нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх;
2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, бусад аймаг, сумдаас ирэх отор нүүдлийг Засгийн газраас тогтоосон маршрутын дагуу мэргэжлийн байгууллагын хорио цээр, хяналт шалгалтын дор хэрэгжүүлэх, гэрээний үндсэн дээр отроор өвөлжүүлэх, хаваржуулах ажлыг зохион байгуулахад анхаарч ажиллах;
3.Аймгийн төв, хүн ам төвлөрсөн томоохон сум, суурин газрын иргэдийн орон сууц, төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг цахилгаан эрчим хүч, дулаан, усаар найдвартай хангах, иргэдийг ая, тухтай өвөлжүүлэх, 2025-2026 оны өвөлжилтийн үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх;
4.Өсвөр насны хүүхдийн дунд гарч байгаа улаанбурхан өвчний дэгдэлтийг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд бууруулах, хяналтад авах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандах, зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо.
Орон нутагт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа
Аймаг, нийслэлийн Засаг дарга нараас ирүүлсэн санал, хүсэлттэй холбогдуулан Орон нутагт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Тус тогтоолоор,
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Газрын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар орон нутгийн удирдлагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэн, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулах;
-Гантай байгаа бүс, орон нутагт цаг агаарт зориудаар нөлөөлөх замаар хур тунадас нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, хүйтний улирлын төлөв байдлын мэдээллийг сар, долоо хоногоор гаргаж, урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллээр малчид, иргэдийг тогтмол хангаж ажиллах;
-Тухайн орон нутаг дахь салбарын хэмжээнд гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилттэй биечлэн танилцаж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, хэрэгжилтийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд,
-Харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд сахилга хариуцлагыг мөрдүүлэх талаар дараах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Сахилга, хариуцлагыг чангатгаж, төсвийн үр ашиггүй зардлыг танан, хэмнэлтийн горимыг чанд мөрдөх, бүтэц, чиг үүргийн давхардлыг арилган, орон тоог үе шаттай цөөлөх, төрийн зарим чиг үүрэг, ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төрийн албан хаагчийг хууль бусаар томилж, чөлөөлөх, аливаа хэлбэрээр дарамт, шахалт үзүүлэхгүй байх, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу гадаад томилолтыг хязгаарлаж, тансаглалыг таслан зогсоох талаар харьяа байгууллага, хуулийн этгээдийн удирдлагад үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллахыг анхаарууллаа.
Мөн аймаг, нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах, бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!