Улс төр

ADMIN
04 сарын 30
04 / 30

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.30/ хамтарсан хуралдаан 10 цаг 34 минутад гишүүдийн 51.1 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн даргалав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан, Б.Бейсен, Т.Аубакир, Ц.Идэрбат, Ж.Батжаргал, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Х.Ганхуяг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд нийслэл дэх гурилын үйлдвэрүүдэд килограмм гурил 1500-1800 төгрөгийн үнэтэй байгаа ч хэдий ч 1700 км тээвэрлэн баруун бүсэд очиход үнэ нь нэг дахин нэмэгддэг. Баруун бүсийн иргэд жилдээ 15 мянган тонн гурил хэрэглэдэг. Иймд 600 км буюу хилийн цаанаас үнэ хямд гурилыг тээвэрлэн хэрэглэх боломжийг олгож, хуулийг хүчингүй болгохоо урьтал болголгүй Засгийн газар тодорхой бүс нутагт квот тогтоодог, зохицуулалт хийдэг болох шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Хүнсний тухай хуулиар гол асуудлыг зохицуулж байсан. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд ахлан, стратегийн гол нэрийн хүнсний үнэ, тогтвортой байдал, нийлүүлэлт дээр түргэн шуурхай арга хэмжээ авдаг байсан. Харин улаанбуудайн тухайд гаалийн албан татварт өөрчлөлт оруулсан тул өмнө нь хийж байсан зохицуулалт зогссон. Иймд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл батлагдвал Засгийн газраас холбогдох зохицуулалтаа үргэлжлүүлэн хийнэ хэмээн хариулж байлаа.

Ингээд төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулав. Тухайлбал, хуулийн дагаж мөрдөх хугацааг төсөлд “04 дүгээр сарын 01-ний” гэснийг “05 дугаар сарын 20-ны” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5-д заасны дагуу Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.