Улс төр

ADMIN
04 сарын 27
04 / 27

Ерөнхий сайд аа, ТА АВЛИГАЧААСАА ТОМ ДАРАНГУЙЛАГЧ БОЛЖ БОЛОХГҮЙ!

Ерөнхий сайд аа, ТА АВЛИГАЧААСАА ТОМ ДАРАНГУЙЛАГЧ БОЛЖ БОЛОХГҮЙ!

Цаг хугацаа бүхэн өөр өөрийн үнэ цэнтэй. Өнөөдөр зөв байсан зүйл маргааш буруудаж, маргааш зөв байсан зүйл ирэх он жилд буруудахыг үгүйсгэх аргагүй. Үүний нэгэн адил улстөрчийн үнэ цэн, зөв буруу маргаашийн дэнсэнд хэрхэн дэнслэгдэхийг бид мэдэхгүй. Гэхдээ цор ганц үнэн зүйл нь авлига, хээл хахуул, дарангуйлагчийн эсрэг дуу хоолой цаг мөнхөд оршино. Энэ бол өнгөрсөн цаг хугацаанаас үлдсэн сургамж бөгөөд ирэх жилүүдэд өөрчлөгдөхгүй үнэн.

Иймийн учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Танд үг дайя. Та өөрчлөгдсөн байна. Ерөнхий сайдын, МАН-ын даргын эрх мэдэлд хайрцаглагдсан байна. Ойрхны санагдах тэртээх 10 гаруй жилийн өмнөх дэврүүн хүсэл мөрөөдөл, алс холын стратеги тань ойж буугаад эхэллээ. Та “Тэмцэнэ. Унагана” гэж амласан тэр улстөрчид, тэр авлигачдынхаа тэргүүн эгнээнд эрх мэдлийнхээ хамт жагсаж байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан М.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Т.Бадамжунай… Эрх мэдэл Таныг тэдний эгнээнд аваачлаа. Тэр хэрээр ч өөрчлөгдлөө.

“Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” буруу биш. Үндэсний баялгийн сан, БНХАУ-тай 70 жилийн дараа хийсэн хил холболтын хоёрдугаар хэлэлцээр, стратегийн ордын 34-51 хувийг төрд авах санаачилга, авлигын эсрэг тэмцэх хүсэл зорилго, “20 минутын хот” хөтөлбөр буруу биш. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын оффшорт худалдсан гэх Төгрөг нуурын ордыг эргүүлэн авчирч, хариуцлага тооцуулахаар багаараа хөдөлгөсөн нь зөв. Ухаа худаг нүүрсний ордын учрыг олж, ураны гэрээг батлуулсанд буруу байхгүй.

Гэхдээ үүний төлөө нэн шинэ дарангуйлагч төрж болохгүй. Та социалист нийгмээс ардчилсан хувьсгал руу шилжсэн тэр цаг мөчөөс хойш хамгийн удаан гүйцэтгэх засаглалын тэргүүлж байгаа Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалын тэргүүн. Үнэмлэхүй хүчийг хуримтлуулсан МАН-ын дарга. Энэ хүртэл хөшигний цаана ямар зам туулж, ямар нөхцөлд шахаж, шарагдаж явааг тань мэдэхгүй. Гэсэн ч энэ нь цагаатгах, өмгөөлөх, уучлах шалтгаан биш. Улс орны төлөө төр удирдана, иргэн бүрийн эдийн засгийн эрх чөлөөг дэмжинэ гэсэн бол энэ нь танай Засгийн газрын үүрэг хариуцлага. Гүйцэтгэх засаглалын зорилго. Үүний тулд мянгантаа бүдэрч, мянгантаа шархаллаа гэхэд энэ нь сайн дураараа үүрэг хүлээсэн эрх мэдлийн төлөөс. Эрх мэдлийн төлбөр.

Харин үүний төлөө дарангуйлагч болж болохгүй. УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хэлсэн үг тань нийгэмд бухимдал үүсгэлээ. Олонх нь гайхаж хоцорлоо. Эрх мэдлийнхээ индрээс таван жил ялласан улстөрчид тань ял авсангүй. Учрыг нь тодруулахад хариулт олдсонгүй. Авлигын эсрэг тэмцэл үр дүнтэй болсон гэж Авлигатай тэмцэх газрын дарга, Улсын ерөнхий прокурорыг улируулан томилууллаа. Эрх мэдлийг дахин төвлөрүүллээ. Тайлагнасан үр дүнгээр авлигын улмаас хураасан хөрөнгө нэмэгдсэн ч авлигачид гэж цоллосон улстөрчид явсангүй.

Ерөнхий сайд аа, дарангуйлал тодорхой шинжтэй. Дарангуйлагч ч тод мөртэй. Үг сонсохоо болих, үйлдэл бүрт хариу реакц үзүүлэх, өөрийгөө зөвтгөх, өвсний дайтай шүүмжлэлийг ч бухлын дайнд тооцох. Энэ шинж тэмдэг Танд бий болсон байна. Хаалгаа онгойлгож, цонхоо нээ. 

Тодруулья, шинж тэмдэг 1: УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхболдын эсрэг тэмцэж “60 тэрбум хэрэгт холбогдсон М.Энхболд төр удирдаж болохгүй” гэж ил тод зарлачихаад эцсийн бүлэгт “М.Энхболд дарга бид хоёрын харилцаа хэвийн байгаа” гэдэг үг хэлж болохгүй. Ард түмэн ой санамжтай. Тэд үгийг, үйлдлийг санаж байгаа. Харин үүнийг мартана гэдэг, үүнийг мартсан гэж өөртөө итгүүлнэ гэдэг төөрөгдөл. Эргээд юу ч болоогүй мэт хүн ёсны харилцаагаараа тайлбарлана гэдэг доромжлол. Дарангуйлагчид ингэж төрдөг. 

Тодруулья, шинж тэмдэг 2: Эдийн засгийн тухай төсөөллөөсөө эргэж алхсан замаа хар. Амьдрал олон хүний хувьд урьдынхаараа мөлхөж, олон хүний хувьд сөхөрч байгаа. Үүнийг хэлсэн улстөрчийн үгийг гулгина гэдэг дахиад хэлье. Дарангуйлагч ингэж ихэрхдэг. 

Тодруулья, шинж тэмдэг 3: Та ердөө сарын өмнөх УИХ-ын чуулган дээр “Би хүн ярихгүй систем ярина. Энэ системийг өөрчлөх ёстой” гэж хэлсэн. Атал сарын дараа дахин систем бус хүн ярилаа. Хүний үгэнд өөр нэгнийг нааж чичиллээ. Хувь хүн тойрсон улс төрийн тодорхойгүй зорилгоос систем, бодлого ярьдаг шинэчлэл рүү шилжих нь гэсэн хүлээлтийг нэг үгээр үгүй хийв, нэг үгээр дарав. Дарангуйлагч ингэж мартдаг.

Эцэст нь сануулья. Ерөнхий сайд аа, ТА АВЛИГАЧДААСАА ТОМ ДАРАНГУЙЛАГЧ БОЛЖ БОЛОХГҮЙ. Авлигач ч, дарангуйлагч ч адил сүүдэртэй. Аль нь ч хүсэх зүйл биш. Иймд бодол биелэхэд сөөм ч болов дутуу гэж найдав, бичив! Шүүмж сонс, шүүмж унш! Илүү боломжийн төлөө хүлцэж сур! Их эрх мэдлийн төлбөрт өөрийгөө гээхээ больж үз!

Г.ОТГОНЖАРГАЛ