Хонхны дуу түмэн олныг нойрноос сэрээж, эрх чөлөөний нэхэл Сүхбаатарын талбайг донсолгосон хаврын өдрүүд Монгол Улсад ардчилсан хувьсгалыг эхлүүлсний 35 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тэртээ 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Ардчилсан нам албан ёсоор байгуулагдаж, тэр цагаас хойшхи унаж боссон улс төрийн намын түүхийг тэд бүтээжээ. Эв нэгдэл болоод эв эвдрэлийн аль алинд хүчирхэгжиж, хөлчүүрхэж ирсэн энэ намын түүх Монгол Улсын хувьд ардчилсан хүчний түүхийг, тэр дундаа эрх чөлөөний үнэлэмжийг өнөөдөрт хүргэсэнтэй хэн ч маргахгүй. Тиймээс ч өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр болж өнгөрсөн тус намын Их хурал болон Үндэсний бодлогын хорооны хурал Монголын улс төрийн нэгэн тод үйл явдлын нэг байлаа. Энэ өдөр багагүй хугацааны турш салж нийлж, сарниж бутарч явсан Шинэ нам албан ёсоор Ардчилсан намд элсэхээ илэрхийлж, бодлого зорилтоо нэгтгэн ажиллахаа зарласан нь таван намын нэгдлийг зургаа болгож өргөтгөсөн нь тод мөр байлаа.
Түүнчлэн Ардчилсан намын дарга бөгөөд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөрийн илтгэлээс тодотгож унших, тодруулж бичих нэг үндсэн сэдэв буюу зорилт байсан нь “Эдийн засгийн эрх чөлөөг авчрах БҮТЭЭЛЧ ЦАГ бол бидний хийх дараагийн хувьсгал байх болно” гэдэг өгүүлбэр байсан юм. Энэ тухайгаа тэрбээр өөрийн илтгэлдээ олонтаа зарлаж, дэлхийн геополитикийн өөрчлөлт, зорилго тодорхой ч хэрэгжилт нь өөр өөр хэрэгжих болсон зөрчим тэмцэл, дайн тулааны эсрэг эв нэгдлийг эрхэмлэж, хамтран ажиллах нь чухал гэдэгтэйгээ зэрэгцүүлэн тавьсан нь Ардчилсан намын зорилго хаашаа чиглэж, хамтралын үр дүн хэрхэн биежихийг дүрсэлсэн хэрэг байв. Энэ тухай тэрбээр “Бид илүү том зорилго тавьж, илүү том ажлыг төлөвлөж, түүнийхээ төлөө хамтран ажиллаж байж БҮТЭЭЛЧ ЦАГийг бүтээнэ. Монгол Улс хөгжинө. Монгол хүн баяжна. Эдийн засгийн эрх чөлөө бол улс төрийн эрх чөлөөний баталгаа гэж бид үздэг. Ардчилсан нам 1990 онд Монгол Улсад улс төрийн эрх чөлөөг авчирсан. Бидний өнөөдрийн түүхэн үүрэг бол монгол хүн бүрд эдийн засгийн эрх чөлөөг эдлүүлж, орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх явдал. Чухам энэ зорилгыг бодит ажил болгохын тулд Хамтарсан Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлэхээр эрчимтэй ажиллаж байна. Өнөөдөр эв нэгдлийн үр шимээр хөгжлийн гацаа арилж, Монгол Улс урагшлах БҮТЭЭЛЧ ЦАГ ирсэн байна” хэмээсэн юм.
Түүнчлэн Ардчилсан намын түүх алдаанаас ангид, онооноос холдсон түүх үгүй гэдгийг онцлоод “Ардчилсан нам бол авдаг нам бус өгдөг нам. Тэртээ 35 жилийн өмнө Ардчилсан хувьсгалыг хийсэн цагаас хойш ард түмэндээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, бизнес хийх, хувийн өмчтэй болох эрх чөлөөг өгч, байрыг эздэд нь, малыг малчдад нь өгсөн. Бид хүүхдийн мөнгийг өгсөн. 1992 оны Үндсэн хуулиар газрын хэвлий дэх байгалийн баялаг бол ард түмний өмч байх ёстой гэдгийг хуульчилж өгсөн. Дараа нь, 2007 онд УИХ-ын тогтоолоор стратегийн ордуудыг батлуулж, 15 жилийн дараа уг стратегийн ордуудын 34-50 хүртэлх хувийг ард түмний өмч хэмээн хуульчилж чадлаа. Газрын хэвлий дэх байгалийн баялгийг ард түмэндээ хүртээхийн тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 онд батлууллаа. Монгол Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч баялгийн санг эхлүүлснийг бид 17 жилийн дараа 2024 онд хуульчиллаа. Харин одоо энэ хуулийн хэрэгжилтийг амилуулж Үндэсний баялгийн санг хуримтлалтай болгох замаар ирээдүйн иргэдэд ижил тэнцүү хүртээх хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах нь чухал байна” гэсэн нь хамтарсан Засгийн газарт бүтээхийн тулд, өгөхийн тулд орссон гэдгээ тодотгосон хэрэг байв.
Харин намынхаа үйл хэргийн тухайд тэрбээр энэ онд буюу 2025 онд гурван удаа Их хурлаа хуралдуулах замаар дүрмийн шинэчлэлийг баталгаажуулна гэсэн нь айдас, дарамт хоёртоо хүлэгдэж, ажин түжин суугаа хэмээн үздэг намынхаа нөхдийн үгэнд үг, асуултад хариулт өгсөн хэрэг юм. Гол нь, ийн хуралдах зорилгоо тэрбээр “Ардчилсан намд дарга бус дүрэм засагладаг хамтын удирдлагын инстүүцийг бид бүтээнэ. Бид ирэх зуун жилийн дараа ч Монголын тал нутагт үйлчилсээр байх тийм сайн намын дүрэм, үзэл санааны хөтөлбөрийг боловсруулах амбицтай ажиллана. Бидний бие мөнх бус ч бидний үлдээсэн эрх чөлөө, ардчиллын үзэл санаа мөнх байх ёстой” гэдэг үгээр тодорхойлсон бөгөөд чухам 100 жилийн дараах АН-ын дүрмийг 100 жилийн өмнө хэрхэн боловсруулахыг харах цаг ирж буй нь энэ биз ээ. Ямартай ч, БҮТЭЭЛЧ ЦАГ гэдэг хоёр үгэнд багтаасан эдийн засгийн шинэчлэл, 100 жилийн дараа ч хүчин төгөлдөр хэрэгжих Ардчилсан намын дүрэм хоёрын төлөө Ардчилсан намын дарга Л.Гантөмөр ажилласан шигээ ажиллахаа зарлалаа. Гэхдээ ард нь үлдсэн болон урд нь ирэх улс төрийн тухайд цаг хугацаа илүү тодорхой хариулт өгөх биз ээ.
Г.ОТГОНЖАРГАЛ