Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын зорчих хөдөлгөөнийг энэ оны зургаадугаар сарын 1-нд нээнэ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр тус бүтээн байгуулалтын байршилд ажиллан, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Яармагийг I хороололтой холбосон уг гүүр нь анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 32 метр өргөнтэй, 483.1 метр урттай байх бөгөөд гүүрний бүтээн байгуулалтад “Мотор сервис” ХХК, “Туулын гүүр далай” ХХК, “Тэргүүн саруул зам” ХХК гэх гурван компани оролцож байгаа. Мөн “Тотал инж” ХХК авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж байна. Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдах ба эхний гүүр нь 36.7 метр урт. Энэ нь Туул голын салаа дээр баригдаж байгаа бол дараагийнх нь 391.5 метр урттай. Харин гурав дахь гүүр нь 54.8 метр урт бөгөөд Дунд гол дээр барьж буй.
Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс авто замын зорчих хөдөлгөөнийг энэ оны зургаадугаар сарын 1-нд нээж, тохижилтын ажлыг наймдугаар сарын 1 гэхэд дуусган, бүрэн хүлээлгэж өгнө гэв. Бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуусгахад газар чөлөөлөлт болон холбогдох инженерийн шугам сүлжээний асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэйг онцолж байлаа.
Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 23 мянган машин нэвтрүүлэх чадвартай болж, замын ачаалал 20 орчим хувиар буурна.