Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр энэ сарын 10-ны өдөр Монгол Улсад суугаа Элчин сайд болон манай улсад ажиллаж буй Суурин төлөөлөгч нарыг хүлээн авч үүлзаж XVII жарны “Элдэв эрдэнэт” эмээх модон могой жилийн сар шинийн баярын мэндийг хүргэхийн ялдамд гадаадын хөрөнгө оруулагчдад дараах 10 мессежийг дайсан байна.
1. Монгол Улсын эдийн засаг өссөн.
Өнгөрсөн 2024 онд манай улсын эдийн засаг 5 хувиар өсөж, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 80 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6,890 ам.долларт тус тус хүрлээ. Түүнчлэн гадаад худалдаа 12.1 хувиар өсч 27.4 тэрбум ам.долларт, гадаадын шууд хөрөнгө оруулалт 13.3 хувиар өсч 4.0 тэрбум ам.долларт, гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд буюу 5.5 тэрбум ам.долларт тус тус хүрсэн нь худалдаа, үйлчилгээний салбар эргэн сэргэн идэвхжин,татварын орлого сайн бүрдсэнтэй холбоотой байлаа.
2. Гацсан төслүүдээ хөдөлгөлөө
Засгийн газраас олон жилийн турш хэрэгжиж чадалгүй гацсан эрчим хүч, зам тээвэр, аж үйлдвэржилт, болон дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртгийн сүлжээг тэлэх хүрээнд дотоодын нөөц боломж ихтэй салбаруудад бодлогын цогц реформын ажлыг стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн томоохон мега төслүүдийн хамт хэрэгжүүлж эхлээд байна.
3. Өрх бүрийн өсөлтийн чухалчилна.
Засгийн газраас тавьж буй тэргүүлэх арга хэмжээний зорилго нь тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг өрх бүрд авчрах эдийн засгийн тогтолцоог бий болгох, эдийн засгийн эрх чөлөөг хангахад оршиж байна. Энэхүү зорилгод хүрэхийн тулд хөрөнгө оруулалтын таатай орчин, бизнесийн шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх замаар хувийн хэвшлийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, Засгийн газрын оролцоог бууруулах нь нэн чухал юм.
4. Мөслөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлнэ.
Дэлхий дахинаа хурдан хувьсаж буй нөхцөл байдлын нөлөөлөл, ирээдүйн гадаад цочрол/шоконд өртөх эмзэг байдлыг бууруулах, дасан зохицох, тэсвэртэй байх чадавхыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах чиглэлээр цогц бодлогын арга хэмжээг авах ингэхдээ мөчлөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь нэн чухал юм.
5. Нээлттэй хамтран ажиллая.
Монгол Улсын эдийн засгийг тэлэх, төрөлжүүлэх, дэлхийн үйлдвэрлэлийн бүтэц илүү төрөлжиж буй энэ үед нэмүү өртгийн сүлжээтэй уялдуулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, энэ хүрээнд хувийн хэвшил, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас баримтлах бодлого, үүнд Хөгжлийн түншүүд та бүхэнтэй ямар түвшинд хамтран ажиллах боломжтой талаар нээлттэй санал солилцох хүсэлтэй байна.
6. Төрийн оролцоог багасгана.
Аливаа улс орны эдийн засгийн амин судас нь хувийн хэвшил байдаг. Монгол Улсын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний 78 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байна. Засгийн газраас эдийн засаг дахь хувийн хэвшлийн орон зайг тэлэх, тэр дундаа жижиг, дунд болон гарааны бизнесийг дэмжих, дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, хялбаршуулах, төрийн оролцоог багасгахад онцгой анхаарч ажиллана.
7. Уул уурхайн бас салбарыг дэмжинэ.
Эдийн засгийн нөхцөл байдал, зээлжих зэрэглэл сайжирч байгаа энэ үед уул уурхайн бус салбарууд руу чиглэсэн импортыг орлож, экспортыг дэмжихэд чиглэсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, дотоод санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх өргөн бөгөөд таатай боломж бүрдэнэ гэж үзэж байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт арьс, ноолуур, сүү, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, газар тариалангийн чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт хийх, дэд бүтцийн салбарт (i) том болон жижиг оврын нар, салхи, усан цахилгаан станцын төслүүд, (ii) гол экспортын чиглэлийн төмөр замын төслүүд болон (iii) үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүд дээр гадны хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах өргөн боломж байна.
8. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг шинэчилнэ.
Засгийн газрын зүгээс хоёр хөрш орон болон гуравдагч хөрш орнуудтай худалдааны хэлэлцээр, хоёр талт хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг байгуулах замаар экспортын зах зээлийг өргөтгөхийг зорьж байна. Үүнийг дагаад аж ахуй нэгжүүдийн өрсөлдөх чадварыг сайжирна гэж үзэж байна. Түүнчлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааг явуулахад эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхээр Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна. Хууль хүчин төгөлдөр болсноор хөрөнгө оруулагчдын баталгаа хангагдаж, үйл ажиллагаагаа саадгүй явуулах нөхцөл бүрдэж, улмаар дэвшилтэд техник, технологи, ноу-хау нэвтэрснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар сайжирч Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилнэ.
9. Хөгжлийн банкны статусыг өргөтгөнө.
Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны засаглалыг бэхжүүлэх, үйл ажиллагааг олон улсын ахисан түвшинд авчрах зорилгоор холбогдох үнэлгээг хийж, Экспорт-импорт банк болгох, үйл ажиллагааны цар хүрээг оновчтой болгох, олон улсын худалдааг дэмжих болон комплайнсын чадавхыг бэхжүүлэх хүрээнд худалдааны санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.
10. Ногоон хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг УИХ-д өргөн барина.
Хувийн хэвшлийг дэмжих ногоон болон уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт орж ирэх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж, эцэслэн Улсын Их Хурлын хаврын чуулганаар өргөн барихаар ажиллаж байна.