...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•11-р сар 19

Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх хөтөлбөр эхэллээ

Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх хөтөлбөр эхэллээ

Хүний эрхийн дэд хорооноос “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2026.11.19/ эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүд, УИХ-ын Тамгын газар, багш, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал хэлсэн үгэндээ, төр-иргэний нийгмийн байгууллагын гүүр болж, иргэний нийгмийн байгууллагууд парламентын түвшинд, шийдвэр гаргалтад оролцоогоо нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлыг тодорхойлон шийдэл гарцыг олоход энэхүү арга хэмжээ чухал хэмээн онцлов.

 

2026-11-19 13.21.51.jpg

УИХ-аас баталсан "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө"-ний 1.2, 1.3-т "Монгол Улсын Их Хурал ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулан, иргэдийн санал бодлыг сонсож, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн талуудын тэгш оролцоог хангах" болон "олон талт түншлэлийг хөгжүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд хууль тогтоох ажиллагаанд хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлнэ" гэж заасан.

Энэ хүрээнд Хүний эрхийн дэд хорооноос парламент-иргэний нийгмийн хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо, нотолгоонд суурилсан бодлого, парламентын хяналт, хариуцлагыг холбосон тогтолцоо бий болгоход чиглэсэн хөтөлбөрийг эхлүүлж байгаа юм.

Таван сарын хугацаанд хэрэгжих уг хөтөлбөр иргэний нийгмийн оролцоог зөвхөн уулзалт, хэлэлцүүлгийн түвшинд бус парламентын хууль тогтоох, хяналт тавих, шийдвэрийн хэрэгжилтийг үнэлэх үйл явцтай уялдуулах ач холбогдолтой.

2026-11-19 13.21.07.jpg

Зөвлөлдөх уулзалтын эхэнд, УИХ-ын Тамгын газрын Нээлттэй парламентын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Б.Мандах, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Төмөр-Очир нар “УИХ-ын стратеги дахь иргэдийн оролцоо, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, ач холбогдол”-ын талаар танилцуулсан.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Нээлттэй парламент” бодлогыг санаачлан хэрэгжүүлж буй бөгөөд энэ хүрээнд www.parliament.mn сайтыг бүрэн шинэчилж, иргэд УИХ-ын үйл ажиллагаа, хууль тогтоомж, тогтоол шийдвэртэй холбоотой мэдээллийг нэг цонхоор авах боломж бүрдсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалт, оролцоо, хуулийн төслийг өргөн барихаас эхлээд батлах хүртэлх явц, хуулийн хувийн хэрэг, хуралдааны тэмдэглэл, нотлох баримт, нийтийн сонсголын зэрэг мэдээллүүд нээлттэй болсон билээ.

Парламентын цахим хуудас “УИХ таныг сонсож байна” цэс, D-Parliament, D-Petition цахим системтэй болж, иргэд өдөр тутам ашигладаг аппликейшнээсээ нэвтрэх боломж нээгдсэн. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан “Хүртээмж” цэсийг нэвтрүүлээд байна.

2026-11-19 13.21.21.jpg

Зөвлөлдөх уулзалтаар үргэлжлүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал “Хууль тогтоомжийн биелэлтийг УИХ-аас хянан шалгахад иргэний нийгмийн байгууллагын оролцоо”, МУИС-ийн Улстөр судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Д.Бумдарь “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд иргэний нийгмийн ач холбогдол”, “Прожект тинкерс” ХХК-ийн ерөнхий менежер Б.Пунцаг “Хөгжлийн бодлогод иргэний нийгмийн бүтээх үнэ цэн” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлж байна. Зөвлөлдөх уулзалт өнөөдөр үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

 

2026-11-19 13.19.42.jpg2026-11-19 13.19.22.jpg2026-11-19 13.19.54.jpg2026-11-19 13.20.51.jpg2026-11-19 13.23.57.jpg

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!