Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгой дахь Сү.Батболд, Ж.Оджаргал, Д.Бат-Эрдэнэ нарын ашиг сонирхлыг судлан шинжлэхийг үүрэг болгов

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон УИХ, Засгийн газрын шийдвэрт дүн шинжилгээ хийж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулах захирамжид гарын үсэг зурсан байна. Уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахлах бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Солонгос, Тагнуулын ерөнхий газрын дарга Л.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга Л.Саруул ажлын хэсгийн гишүүнээр ажиллах аж.
Энэ асуудлын тухайд анх 2005 онд үндэсний 14 компани хамтран “Энержи ресурс” компанийг байгуулж байсан бөгөөд эзэд нь тухайн үеийн улс төр, бизнесийн нөлөө бүхий 11 албан тушаалтан, үндэсний хөрөнгө оруулагчид байсан юм. Улмаар 2007 онд УИХ-аас 14 стратегийн орд газрыг баталснаар 2008 онд уг консерциумын мэдэлд байсан Тавантолгойн ордыг төр мэдэлдээ авч, харин өнгөрсөн хугацааных нь лиценз, хайгуулын төлбөрт уг ордын хамгийн олборлоход хялбар, нөөц ихтэй орд болох Ухаа худгийг “Энержи ресурс”-д шилжүүлсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Д.Бат-Эрдэнэ орон нутгийн мэдлийн жижиг “Тавантолгой” компанийнх хувь эзэмшигч бөгөөд тэрбээр өнгөрсөн хугацаанд үндсэн ордоос хууль бусаар нүүрс олборлосон хэрэгт буруутгагдаж, өдгөө 11 тэрбум төгрөгийн хохирол төлөөд байгаа.
Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэнийн Тавантолгойн ордоос хувьд шилжүүлсэн асуудлыг шалгах энэхүү захирамж нь Ерөнхий сайд асан Сү.Батболд, “М-Си-Эс” групп болон ерөнхийлөгч Ж.Оджаргал, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ нарийн ашиг сонирхлыг судлан шинжлэх нь тодорхой юм.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!