Улс төр

ADMIN
01 сарын 14
01 / 14

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулав

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2025.01.14/ хуралдаж Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгууллаа.

Томилгооны сонсголын эхэнд Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар дэгийг танилцуулж, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг бүртгэсэн, ажлын хэсэг байгуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

Хууль зүйн байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд бүртгэхээр тогтсон бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан хангасан “29.4.Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнээр эдийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, ажлын дадлага туршлагатай, ёс зүйн хувьд төлөвшсөн Монгол Улсын иргэнийг томилно. 29.5.Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнээр төрийн улс төрийн албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, Хорооны дарга, гишүүн болон ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтныг томилохыг хориглоно.” гэж заасан шаардлагын хүрээнд Ч.Сайнбилэг, Л.Төр-Од, С.Халиунаа, З.Баянмөнх нарын нийт 4 иргэн Хууль зүйн байнгын хороонд материалаа ирүүлж, бүртгүүлсэн байна.

Хууль зүйн байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж материалаа ирүүлсэн 4 хүнээр санал хураалт явуулж Ч.Сайнбилэг, С.Халиунаа нарыг хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж, олонхын саналаар дэмжиж, нэр дэвшигчийн сонсголд оролцуулахаар шийдвэрлэсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 27-ны 11 дүгээр тогтоолоор Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагч сонгох, сонсголын бэлтгэл хангахтай холбоотой дэг батлах тухай Байнгын хорооны тогтоолоор Сонсгол даргалагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарыг томилж, нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулахаар тов тогтоож, нэр дэвшигчээс асуулт асуух, саналыг цахимаар авах, эсхүл шуудангаар хүлээн авах, сонсголд оролцох, ажиглах иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цаг хүртэл авсан байна.

Ийнхүү томилгооны сонсгол эхэлж, дэгийн дагуу хяналтын зөвлөлд нэр дэвшигч Ч.Сайнбилэгийн талаар танилцуулав.

Нэр дэвшигч Ч.Сайнбилэг эдийн засагч мэргэжилтэй, 1997-2008 онд “Монгол шуудан” банканд диллер, 2013-2016 онд “Хадгаламжийн даатгал” корпорацийн Дэд захирал, 2017-2020 онд Тээвэр хөгжлийн банкинд Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан туршлагатай гэлээ.

Үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлд нэр дэвшигч Ч.Сайнбилэг нэр дэвших болсон үндэслэл, эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа танилцуулав.

Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Бат-Амгалан, Б.Заяабал, О.Номинчимэг, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд, Л.Соронзонболд, мөн сонсголд оролцогч Б.Ганбаяр нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Хүний өмчийн хамгаалал чухал асуудлыг нэг. Үүнийг хамгаалах арга нь санхүүгийн арга хэрэгслийн нэг нь даатгал юм. Манай улсад албан журмын даатгал өрсөлдөөнтэй байна. Сайн дурын даатгал, хувь хүний эрсдэлийг хуваалцах даатгал зэрэг шинэ бүтээгдэхүүн гаргахдаа даатгалын газрууд хойрго байна. Барилга, орон сууцны асуудал дээр хүн өмчийн асуудал, өмчийн эрхээ хэрэгжүүлж байна. Ялангуяа орон сууцтай болох гээд хуримтлуулсан бүх зүйлээ өгч байна. Эсхүл ирээдүйд олох орлогоороо төлнө гээд ипотекийн зээлд хамрагдаж байна. Гэтэл нь барилга нь чанаргүй, хоёр гурван жилийн дараа их засвар хийдэг, ус алддаг. Эдгээрийг даатгалын системээр орлодог баймаар байна. Өмчийн эрхийг хамгаалахад санхүүгийн арга механизмийг хэрэглэх талаар төлөвлөсөн зүйл бий юу хэмээн асуулаа.

Нэр дэвшигч Ч.Сайнбилэг, Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүрэгт олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэж заасан байдаг. Энэ чиглэлээр илүү идэвхжүүлж ажиллана гэж бодож байгаа гэсэн хариулт өгсөн.

Дараа нь Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нэр дэвшигч С.Халиунаагийн талаар танилцууллаа.

Нэр дэвшигч С.Халиунаа эрх зүйч мэргэжилтэй, 2014-2016 онд “АПУ” ХХК-д Хуулийн зөвлөх, 2016-2020 онд “Ард санхүүгийн нэгдэл” ХХК-д өргөдөл, гомдол хариуцсан захирал, 2021 оноос эхлэн “Грандлекс партнерс” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллажээ.

Нэр дэвшигчээс асууж, хариулт авах хэлэлцүүлэг үргэлжилж Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг явуулахад санаачлан хийх ажил, төлөвлөгөөний талаар болон даатгалын систем, хувийн өмчийг хамгаалах, эрх шилжүүлэх, зээл олгох, эрх зүйн байдал, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг нь УИХ-ын гишүүд тодруулсан.

УИХ-ын гишүүдийн асуултад нэр дэвшигч С.Халиунаа, Санхүүгийн зохицуулах хорооны журмууд хуучирсан. Даатгалын салбарт тодруулбал, албан журмын даатгал өртгөөсөө доогуур үнийг тогтоосон даатгалын бүтээгдэхүүн юм. Өнгөрсөн хугацаанд албан журмын даатгалын өртгийг хуулиар зохицуулж, өртгөөс нь доогуур үнээр тогтоосон байдаг. Таван жилийн өмнө хотод даатгалын бүтээгдэхүүн алдагдалтай, харин хөдөө орон нутагт ашигтай бүтээгдэхүүнд орж байсан. Тийм учраас даатгалын компаниуд нөхөн олговрыг олгохгүй байх, удаашруулж олгох буюу шүүхээс шийдвэр гарсан тохиолдолд олгох хандлагатай байсан. Даатгалын салбар санхүүгийн салбарт маш бага байр суурь эзэлдэг. Даатгалын салбарыг хөгжүүлье гэвэл иргэдэд даатгалын бүтээгдэхүүн таны эрсдэлийг бууруулж байгаа юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй гэсэн хариулт өгөв.

Үүний дараа Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нэр дэвшигчдэд хандан үг хэлсэн юм. Тэрбээр, нэр дэвшигчдийг энэ чиглэлээр ажилласан туршлагатай, үр дүнтэй ажиллаж, бодлогын түвшинд оролцоотой байх боломжтой гэж дүгнэж байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.