Шуурхай мэдээ

ADMIN
05 сарын 13
05 / 13

Нийслэлчүүдийг өмхий үнэрт автуулсан компанийн захирлыг шүүхэд шилжүүллээ

Нийслэлчүүдийг өмхий үнэрт автуулсан компанийн захирлыг шүүхэд шилжүүллээ

Нийслэлд өнгөрсөн аравдугаар сарын дундуур өмхий үнэр тархаж, Зүүн дөрвөн зам, 13 дугаар хороолол, “Дүнжингарав” худалдааны төв орчимд илүүтэй үнэртэн, олон нийтийг бухимдуулж байсныг зарим уншигч санаж буй. Үүний дараа Налайх дүүрэгт байрлах төмрийн үйлдвэрт хийн түлш алдагдаж, дэлбэрсэнтэй холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл гарсан ч ОБЕГ-ынхан үгүйсгэж байв. Улмаар НОБГ, НБОГ, НЦУГ, УСУГ-ын хамтарсан ажлын хэсэг “Дүнжингарав” төв орчмоос эхлэн Налайх дүүргийн нутаг дэвсгэр хүртэл шалгаад, бохирын магистрал шугам руу автомашины “ажилласан” масло, тос хийснээс болсон гэж үзсэн юм. Тодруулбал, 2023 оны аравдугаар сарын 11-ний 21.00 цагийн үед химийн хортой болон аюултай бодисыг Баянзүрх дүүргийн XI дүгээр хорооны нутаг, Хонхор дахь хэрэглээний бохир усыг татан зайлуулах 50 см-ийн диаметртэй төв коллектор шугамд нийлүүлснээс өмхий үнэр нь нийслэлчүүдийг утсан байдаг. Үүний мөрөөр хууль хяналтын байгууллага шалгахад Налайх дүүргийн V хороонд үйл ажиллагаа явуулдаг, автомашины мотор, кропныхаягдал тос, масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэдэг гэх “Эко стандарт петролиум” ХХК-ийнхны буруутай үйл ажиллагаанаас болсон нь тодорхой болжээ. Тиймээс тус компанийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралд Эрүүгийн хуулийн 20.11-1, 20.11-3 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан, хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож, зориулалтын бус газар хаясан, устгасан, уг гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.Эх сурвалжуудын мэдээлснээр Б.Наранцацрал нь тухайн өдөр “Маргад эрдэнэ уул” компанийнхантай утсаар холбогдож, “Хэрэглээний бохир ус соруулна” гэсэн дуудлага өгсөн аж. Улмаар өөрийн компанийн үйлдвэрийн байрны гадна байсан мкостиос 20 тонн хаягдал тос соруулж, бохирын шугамд нийлүүлсэн нь тогтоогдсон гэнэ. Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 2-ны 116 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Аюултай хог хаягдлын жагсаалт”-ыг баталсан байдаг. Үүний 13 дахь хэсэгт хөдөлгүүр, хурдны хайрцагны болон тосолгооны тосны хаягдал аюулын А зэрэглэлтэй хэмээсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, “ажилласан” масло, тос нь хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдалд тооцогдоно гэсэн үг.