УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Транспэрэнси интернэшнл” байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Франсуа Валерианыг өнөөдөр /2024.12.13/ хүлээн авч уулзлаа.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, энэ удаагийн УИХ "хүн төв”-тэй бодлогыг дэвшүүлэн хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаагаа танилцууллаа.
Мөн тэрбээр, УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар болон авлигыг бууруулах, шударга ёсыг тогтоох чиглэлээр УИХ-аас боловсруулан батлах хууль тогтоомжийн талаар танилцуулаад “Транспэрэнси интернэшнл” байгууллагатай Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтийг ахиулахад парламентын үүрэг, оролцооны талаар санал солилцох, зөвлөмж боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ.
“Транспэрэнси интернэшнл” байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Франсуа Валериан, энэ удаагийн УИХ хүний эрхийг хангах, хуулийг хэрэгжилтэд анхаарал хандуулан ажиллаж байгаад талархаж байна гээд ил тод, шударга байдлыг тогтоох, авлигыг бууруулах чиглэлд хэд хэдэн анхаарах асуудал буйг онцолсон юм.
Тухайлбал, Монгол Улс байгалийн баялгийг ашиглах, иргэдэдээ тэгш хүртээхийн тулд уул уурхайгаа эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хөрөнгө оруулагч талтай гэрээгээ ил тод хийх, аливаа хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг олон нийтэд ил тод мэдээлэх, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн боловсруулахад анхаарах, эрчим хүчний шинэчлэлийг хэрэгжүүлэхэд олон нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх талаар зөвлөж буйгаа илэрхийллээ. Мөн тэрбээр хуулийг хэрэгжүүлэхийн чухлыг онцлоод, УИХ-ын Тамгын газартай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.