Улс төр

ADMIN
12 сарын 23
12 / 23

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2024.12.12)-ийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хийлээ. Хуулийн төсөлд Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийг 2025 онд 8.0 хувь, 2026-2027 онд 6.5 хувь байхаар, хэрэглээний үнийн өсөлт (инфляц)-ын түвшнийг 2025 онд 7.2 хувь, 2026 онд 5.0 хувь, 2027 онд 4.0 хувь болгож бууруулахаар тооцсон байна. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар тооцсон бөгөөд Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2025 онд 55 хувь, 2026 онд 50 хувь, 2027 онд 45 хувьтай тэнцэхээр байна.


Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаясгалан, Ж.Баярмаа, С.Эрдэнэбат, О.Цогтгэрэл, Л.Соронзонболд, Ц.Сандаг-Очир, Б.Пунсалмаа нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Малчны тухай хуулиар малчдад нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгосныг хэрэгжүүлэхийг Засгийн газарт зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан 600 ортой, үүдэл эс шилжүүлэн суулгах тасагтай, бүх төрлийн шинжилгээний лабораторитой, тугалган хана бүхий туяа эмчилгээний шугаман хурдасгуур тавих мэргэжлийн дөрвөн өрөөтэй “Хавдар судлалын үндэсний төв II” эмнэлгийг заавал барих асуудлыг дэмжсэн тохиолдолд одоогийн Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д эмнэлгийн 100 ортой байр санхүүгийн түрээсээр авахыг дэмжинэ гэсэн юм. Үүнд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хариулахдаа “Хавдар судлалын үндэсний төв II” шинэ эмнэлгийг ирэх 3-4 жилийн хугацаанд барьж байгуулахын тулд 2025 оны төсөвт техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулахад 3.0 тэрбум төгрөг, бүтээн байгуулалтын ажилд 5.0 тэрбум төгрөг тавьсан гээд, уг бүтээн байгуулалт нийтдээ 10.0 тэрбумын төсөвт өртөгтэйг танилцуулав. Мөн үүний дээр ХСҮТ-д нэн шаардлагатай байгаа эмнэлгийн байрыг лизингээр авах буюу санхүүгийн түрээсийн зардлыг тусгаж өгсөн. Ингэснээр эдгээр зориулалтаар нийтдээ 32.0 орчим тэрбум төгрөг Монгол Улсын 2025 оны төсөвт суусан гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй болгож, нийт 35.8 их наяд төгрөгийг 33.7 их наяд болгон бууруулж чадсан нь том дэвшил болсныг онцлоод, Улсын Их Хурал, Засгийн газар татвар төлөгчдийн мөнгийг улсын бус нийтийн төсөв гэж ярьж хэвшин, нийтийн төлөө зориулдаг болох ёстойг тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Улсын Их Хурал баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй байгааг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг жишээлэн яриад, ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх тул үүнээс өмнө улсын төсвийг дахин тодотгох шаардлага гарна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл эдийн засгийн өсөлтийг 8.0 хувиар тооцож буй нь хэтэрхий өөдрөг төсөөлөл гэж үзэж байгаагаа хэллээ. Тэрбээр, алдагдалгүй төсөв баталж байгаа нь сайн ч гэлээ ашигт малтмалын нөөц ашигласний төлбөр (АМНАТ)-өөс Ирээдүйн өв санд орох хувийг 65 хувиас 45 хувь болгон бууруулсан нь уг зөрүүгийн буюу 1.0 их наяд төгрөгийн алдагдал баталснаас ялгаагүй гээд, төсвийн зардал улс орны эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгааг асуув. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, төсвөөс гарч байгаа мөнгө иргэд, аж ахуйн нэгжийн худалдан авалтаар хувийн хэвшлийнхний борлуулалтыг нэмэгдүүлж, тэдний татвараар эргээд орж ирж байгаа хэмээн тайлбарлаж, харамсалтай нь хувийн хэвшлийнхний борлуулж байгаа бүтээгдэхүүний дийлэнх нь импортынх байгаа нь валютын нөөцийг сорох, ханшийг өсгөх сөрөг үр, дагаварыг бий болгож байна гэсэн юм. Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан манай улсын одоогийн хөрөнгө оруулалтын болон хэрэглээний түвшинд 8.0 хувийн өсөлтийг хангах бүрэн боломжтой гэсэн хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл бол ирэх гурван жилийн стратегийн зорилт болохыг онцолж, нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээг 2027 онд 30 хувь болгохоор төлөвлөснийг стратегийн зорилт мөн эсэхийг лавлаж асуув. Төсвийн зарлага, эдийн засгийн хэмжээ хоёрын харьцаа "Ковид19" цар тахлаас өмнө 31-32 хувьтай байгаад цар тахлын жилүүдэд 33-34 хувьтай болсон гэсэн хариултыг Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан өгч, энэ 2024 онд 37-38 хувьтай байгааг танилцуулсан юм. 2025 онд энэ үзүүлэлт 35 хувь байхаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан бөгөөд цаашдаа жил бүр бууруулсаар 2027 онд 32 хувьд хүргэхээр тооцсон байна. Олон улсын судалгааны байгууллагууд улс орнуудыг эдийн засгийн хэмжээ, өрсөлдөх чадвараар нь байр эзлүүлэхдээ төсвийн зардал болон ДНБ-ий харьцаа 25 хувиас бага байвал тухайн улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар сайн байна гэж үздэг.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хориг маш олон эерэг нааштай зүйлийн, алдагдалгүй төсөв баталж байхын эхлэл болж байна гэж дүгнэж буйгаа хэлээд, ирэх гурван жилд Засгийн газрын өр болон нийгмийн халамжийн хэмжээ буурахгүй байгаад анхаарч ажиллах шаардлагатайг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа улсын төсөв ДНБ-ий 36 хувьтай тэнцэж байгаа нь харьцангуй өндөр дүн болохыг анхааруулж, бүхэлдээ буюу 100 хувь татвараас бүрдэж байгаа нь өрөөсгөл гэдгийг дурдаад, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгож, төсвийн орлогын эх үүсвэрийг ноогдол ашгаар нэмэгдүүлбэл боловсролын салбарын төсвийг улсын төсвийн зарлагын 6.0 хувьд хүргэх боломжтой гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026-27 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг дуусаж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан танилцуулав. Тус Байнгын хороо өнөө өглөөний хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчмын зөрөөтэй нэг саналын томьёоллоор, мөн дахин санал хураалт явуулах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүй нь үзсэн зарчмын зөрөөтэй хоёр саналын томьёоллоор тус тус санал хураалт явуулсан байна. Анхны хэлэлцүүлгийн үед олонхын дэмжлэг авсан саналуудыг Байнгын хороо холбогдох хууль тогтоолын төсөлд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар ХСҮТ-ийн дэргэд байгаа Дөрөвдүгээр эмнэлгийг санхүүгийн лизингээр авах нь шинэ эмнэлэг барихаас хямд болох тухай санал хэлж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд хөндлөнгийн аудит хийх асуудлыг Засгийн газарт эрх олгох байдлаар Улсын Их Хурлаар шийдүүлэхээр оруулж ирж байгаа нь зохисгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүдийн талаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Ж.Батжаргал, Ж.Галбадрах, Ц.Даваасүрэн нар “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд боловсролын салбарын төсвийн нийт зардлыг ДНБ-ий 6.0 хувиас багагүй, эсвэл улсын төсвийн нийт зардлын 18 хувиас багагүй байхаар нэмэгдүүлэх тухай заалт нэмж оруулах асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2025 оны төсөвт тусгагдсан бүх барилга байгууламжийн ажлын төсөвт өртөг, түүний магадлал үнэн зөв хийгдсэн эсэх, мөн магадлал хийх эрх бүхий этгээдүүд шударга ажиллаж байгаа эсэхийг хараат бусаар нягтлан шалгах тухай заалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Ж.Батжаргал, Ж.Ганбаатар, Ж.Чинбүрэн нар тайлбар хийв. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Санал хураалтаар хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав.

Үүний дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг тус Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хийлээ. Тэрбээр танилцуулгадаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төсөл болон холбогдох хавсралтуудад тусгасан талаар дурдаад, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтүүдийг нэрлэв. Үүнд,

-Төрийн зарим байгууллагын 2025 оны төсвийн жилд нэмэгдэхээр тооцсон шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор тухайн байгууллагуудын урсгал зардлыг нийт 40.1 тэрбум төгрөгөөр,

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь татаасыг 3.0 тэрбум төгрөгөөр

-Эрчим хүчний реформын Үндэсний хорооны мэдээлэл, сурталчилгааны зардлыг 9.0 тэрбум төгрөгөөр,

-Бүх төсөвт байгууллагын түлш, халаалтын зардлыг 11.5 тэрбум төгрөгөөр,

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусгагдсан Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх хөтөлбөрийн зардлыг 2.0 тэрбум төгрөгөөр

-Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад тусгагдсан Архидан согтууралттай тэмцэх сангийн санхүүжилтийг 6.9 тэрбум төгрөгөөр

-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийн багцад тусгагдсан Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтийг 0.7 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна. Ингэснээр төсвийн нийт урсгал зардлыг 73.2 тэрбум төгрөгөөр бууруулжээ.

Эдгээр зардлын эх үүсвэрээр,

-Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах объектыг лизингээр авах эхний удаагийн төлбөрт 17.0 тэрбум төгрөг,

-Тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардал 6.9 тэрбум төгрөг,

-Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг,

-Цэцэрлэг, гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10.0 тэрбум төгрөг,

-ХСҮТ-ийн барилгын засварт 2.9 тэрбум төгрөг,

-Эрчим хүчний бодлогын шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5.0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар нэмж тусгасан байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, С.Эрдэнэбат, Ц.Сандаг-Очир, Л.Мөнхбаатар, О.Алтангэрэл нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Эрчим хүчний реформын Үндэсний хорооны мэдээлэл, сурталчилгааны болон төрөөс хариуцах ёстой төсөвт байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын талаар, ирэх онд инфляцийг 7.2 хувьд барих нь бодитой эсэх, нэмэгдэх шаардлагатай 3000 гаруй төрийн албан хаагчийн орон тооноос 1200-г хассан нь судалгаа тооцоотой эсэхийг асууж Ажлын хэсэг болон Засгийн газрын гишүүдээс хариулт авав. Түүнчлэн төсвийг алдагдалгүй баталсан нь хөрөнгө оруулалтыг хумьж, эдийн засгийн хөгжлийг хязгаарласан байдалд оруулж болзошгүйг анхааруулж, хууль сахиулах байгууллагуудын орон тоо, хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээнд анхаарал хандуулсанд талархал илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав. Энэ хэлэлцүүлгээр хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрээр санал хураалт явуулсан юм. Хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул бүхэлд нь эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 86.4 хувь, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 81.8 хувь тус тус дэмжин батлав.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсан тул үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувийн дэмжсэнээр баталлаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Ж.Чинбүрэн нарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүнээс тус тус чөлөөлж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр баталж тогтоол гаргалаа.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг уншиж сонсгов. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааныг хааж хэлсэн үгэндээ, шинэ парламентын эхний ээлжит чуулганы томоохон сорилт болсон энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг онцлогтой, бас олон талын сургамжтай байлаа гээд, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хоёронтаа хэлэлцэн баталсан нь парламентын сул тал, чадамжгүйн тухай асуудал биш, харин төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангаж, хууль дээдлэх үндсэн зарчмаа хэрэгжүүлж, иргэн ба улсын эрх ашигтай холбогдсон чухал асуудлыг ард түмний хэлэлцүүлэгт дахин оруулсан нь парламентат ёсны эерэг хандлага гэж үзвэл зохино гэв. Тэрбээр 2025 оны төсөв батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг сайтар мөрдөж ажиллах, төсвийн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан санал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардал, бүтэц, чиг үүргийн уялдаа холбоонд анхаарах, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн байгууллагууд орон нутгийн 2025 оны төсвөө яаралтай батлах, төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлагдах хүртэлх шат дарааллын цаглаврыг жигдрүүлж, холбогдох хууль тогтоомжийг иж бүрэн ойлгомжтой болгох нь зүйтэйг анхаарууллаа 

гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.