Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг дэлхий нийтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр улс орнууд "Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье" уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Үе үеийн Улсын Их Хурлаас хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг зөвхөн халамж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр хязгаарлах бус салбар дундын зохицуулалт шаардлагатай чухал асуудал болохыг хүлээн зөвшөөрч, бүхий л харилцаанд алагчлалгүйгээр оролцуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгохын төлөө анхаарсаар ирсэн.
2024 онд шинээр бүрэлдсэн Улсын Их Хурал нь “Гурван төгөлдөршил”-ийн бодлого буюу хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, хоцрогдолгүй, иж бүрэн бөгөөд ойлгомжтой зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бий болгож, иргэдийнхээ эрх тэгш байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, шийдвэр гаргах түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох сайжруулалт, нэмэлт, өөрчлөлтийг хийх, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төсөл, Дохионы хэлний тухай анхдагч хуулийн төсөл зэргийг боловсруулж байна. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын хүсэлт, хэрэгцээ шаардлагад үндэслэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх, бие даан амьдрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслүүдийг боловсруулж, батлуулах Засгийн газрын санаачилгыг сайшаан дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэхэд таатай байна.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудлыг шийдэх, хууль тогтоомж боловсруулах үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бүрэн хангаж, тэдний дуу хоолойг тусгаж, оролцоог ханган ажиллахыг чухалчлах болно.
Хөдөлмөрлөж, баялаг бүтээдэг, эрх тэгш нийгмийг бий болгохын төлөө хамтдаа хичээж ажиллацгаая.