Улс төр

ADMIN
04 сарын 14
04 / 14

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Сүхбаатар аймгийн удирдлагатай холбогдуулан шалгах бололтой

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Сүхбаатар аймгийн удирдлагатай холбогдуулан шалгах бололтой

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл АТГ-аас энэ хэрэгтэй холбоотойгоор хэвлэлийнхэн бодит мэдээлэл авахыг хүссэн учраас прокурорын зөвшөөрсний дагуу мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зарим зүйлийг олон нийтэд хүргэв. Тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Сүхбаатар аймгийн удирдлага буюу аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнуудыг 2023 оноос эхлэн мөрдөн шалгаж эхэлсэн. Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн, тус аймгийн III багийн нутагт байрлалтай 6700 болон 1359 ам метр талбай бүхий газрын зориулалтыг Газрын тухай хууль болон газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчиж, зориулалтыг нь өөрчлөн олгож, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа.

Мөн тус аймгийн Засаг дарга нь хадам дүүгийнхээ Баруун-Урт сумын II багийн нутаг дахь 2635 ам метр талбайтай, авто угаалга, гараашийн зориулалтай газрыг төлбөрөө төлөөгүй байхад хууль тогтоомж зөрчин, бусдад шилжүүлж давуу байдал бий болгосон байж болзошгүй. Нэр бүхий УИХ-ын гишүүний эзэмшлийн Баруун-Урт сум дахь 3211 ам метр газрын эзэмших эрхийг шилжүүлж давуу байдал бий болгосон. Архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөлгүй барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй нэр бүхий компанийн захиралтай шинэ суурьшлын бүс байгуулах түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж, 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсний хариуд нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлалтай гурван өрөө үл хөдлөх хөрөнгийг хахуульд авсан байж болзошгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Тус аймгийн Засаг дарга бөгөөд эрх бүхий албан тушаалтнуудыг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Баруун-Урт сумаас зохион байгуулсан тендерт хамаарал бүхий этгээдийн компанийг шалгаруулж, тендерийн шаардлагад өөрийн аж ахуйн нэгжийн эд зүйлийг нийлүүлсэн байж болзошгүй байна. Мөн орон нутагт нь үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн аж ахуйн нэгжээс өөртөө болон төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудад давуу байдал олгуулсан байж болзошгүй. Тухайн аж ахуйн нэгжээс зардлыг нь гаргуулаад хууль хяналт, төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудыг БНХАУ-д аялуулсан нь тогтоогдсон.

Эдгээрээс гадна хууль бусаар олсон мөнгөө хамаарал бүхий хүний нэр дээр нээсэн дансанд байршуулж ашигладаг, Сүхбаатар аймагт 1989 онд сургууль төгсөгчдийн клуб нэртэй төрийн бус байгууллагатай холбоотой хууль бус үйлдэл ч шалгагдаж байгаа” хэмээн мэдээлэв. “Сүхбаатар-89” нэртэй тус клубт тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, ИТХ-ын дарга Д.Хосбаяр тэргүүтэн ТУЗ-д ажилладаг бөгөөд үүгээрээ дамжуулан хууль бус үйл ажиллагаа явуулсан байж ч болзошгүй аж. Тус клубт бүртгэлтэй зарим хүн Сүхбаатар аймгаас зарласан өндөр үнэ бүхий тендерүүдэд аж ахуйн нэгжүүдээ удаа дараа шалгаруулж байжээ. Түүгээр ч зогсохгүй Сүхбаатар аймгийн удирдлага УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт давуу байдал олгож, хамаарал бүхий хүмүүсийнх нь нэр дээр үл хөдлөх хөрөнгө бариулсан нь тодорхой болж буй гэнэ. Тиймээс АТГ-ынхан тус аймгийн удирдлагатай холбоотой хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг шалгах бололтой.