Улс төр

ADMIN
11 сарын 27
11 / 27

Байнгын хороод хамтран хуралдаж "Ажлын хэсэг байгуулах тухай" тогтоол баталлаа

Байнгын хороод хамтран хуралдаж "Ажлын хэсэг байгуулах тухай" тогтоол баталлаа

УИХ-ын Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2024.11.26/ хамтран хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон дагалдах хуулиудыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхдээ хэлэлцэх цаг хугацааны хязгаарыг тогтоолын төсөлд оруулах нь зүйтэй хэмээсэн. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр энэ асуудлаар улс төрийн болон эрх зүйн дүгнэлтийг гаргах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байснаа тодотгоод, Ажлын хэсэг энэ асуудлыг анхаарч ажиллахыг сануулав. Мөн Үндсэн хуульд нийцүүлэх, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, аудитын байгууллагын санал, зөвлөмжийг хэрхэн хүлээж авах зохицуулалтыг тодорхой болгох нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Тогтоолын төслийг батлахыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.