Улс төр

ADMIN
11 сарын 15
11 / 15

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзлаа

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал манай улсын “гуравдагч хөрш”, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний нэгдмэл үнэт зүйлтэй Польш Улстай бүхий л салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг гэдгийг онцлов. Мөн хоёр улсын харилцаанд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Энэ хүрээнд парламентын найрамдлын бүлгүүд харилцан байгуулагдсан бөгөөд харилцан туршлага хуваалцаж, санал солилцохын зэрэгцээ хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр 2023 онд Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотод албан ёсоор нээгдэж, үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаад баяртай байна. Элчин сайдын яамны үйл ажиллагаа иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Цаашид Бүгд Найрамдах Польш Улстай кибер аюулгүй байдлыг хангах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ил тод нээлттэй байх, орчин үеийн арга туршлагаас суралцах зэргээр хамтран ажиллах сонирхолтой байна гэв.


Элчин сайд Кшыштоф Бойко, манай хоёр улсын харилцаа соёл урлаг, эдийн засаг, улс төрийн хүрээнд улам өргөжин хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрсэнд талархаж байна. Мөн Улаанбаатар хотноо Польшийн кино өдрүүдийг 14 дэх удаагаа, олон улсын төгөлдөр хуурчдын уралдааныг 4 дэх удаагаа холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэж байгаа нь манай хоёр орны соёл, урлагийн салбарын хамтын ажиллагаа улам өргөжиж буйн илэрхийлэл юм. Өнгөрсөн жил Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр орны харилцааны түүхэнд тодоор бичигдэж, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц боллоо. Польш Улсын Сеймд Польш-Монголын парламентын бүлэг байгуулагдсан. Ирэх жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо. Энэ ойг ёслол төгөлдөр тэмдэглэхэд парламентын бүлгүүдийн үүрэг, оролцоо чухлыг онцолсон. Мөн тэрбээр цаашид хоёр улсын хамтын ажилллагааг өргөжүүлэхэд парламентын бүлгүүдийн гишүүд идэвхтэй ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.  

Уулзалтад УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Х.Жангабыл, Д.Мөнхбаясгалан нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.