ТОЙМ

ADMIN
03 сарын 14
03 / 14

ИНЕГ-ын удирдлага Засгийн газрын бодлоготой тэрсэж байна уу

ИНЕГ-ын удирдлага Засгийн газрын бодлоготой тэрсэж байна уу


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сард АНУ-д айлчлах үеэрээ хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг баталж, энэ жилийн хоёрдугаар улирлаас тус улс руу шууд нислэг үйлдэхээр болсон. Өнөө жилийн хоёрдугаар улирал хаяанд ирчихсэн атал нислэгийн бэлтгэл ажил зуун задгай, жаран хагархай байна. Үүнийг хийж хэрэгжүүлэх ёстой газар бол Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газар. Гэтэл ИНЕГ-ынхан энэ ажилдаа хойрхо хандаж байна гэхэд хилсдэхгүй нь. ИНЕГ-аас энэ нисэлт бэлтгэхээр “Монгол Улсаас АНУ руу тогтмол агаарын тээврийн нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар нь АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Нисэхийн аюулгүй байдлын олон улсын аудит шалтгалтад хамрагдахад мэргэжлийн зааварчилгаа авах, бэлтгэл ажлыг хангуулахад зөвлөх үйлчилгээ авах” гэсэн 1.8 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийг хялбаршуулсан журмаар гэсэн тодотголтойгоор өнгөрсөн сарын 29-нд Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем оруулжээ. Энэ сарын 13-ны 10:00 цагаас өмнө тендерийн бичиг баримтыг хүлээн авч, 30 минутын дараа нээхээр зарласан байв. Гэвч энэ тендерт нэг ч оролцогч материалаа өгөөгүй аж. Тиймээс тендерийн үр дүн гарсангүй. Олон нийтийн сүлжээнд жиргээч Batenjineer “Олон улсын тендерийг хэн ч олж харахгүй, монгол хэлээр маш богино хугацаатай зарлаж байхаар намчдаа халж, нисэхийн мэргэжлийн хүмүүсээ ажилд олноор нь авбал Америк нисэх болзлоо хангана” хэмээн шүүмжилжээ. Түүний хэлсэнчлэн маш богино хугацаанд хэнд ч мэдэгдэхгүй, үзэгдэхгүй зарласан тендерт ямар ч оролцогч материалаа өгөхгүй нь ойлгомжтой шүү дээ. АНУ-тай Агаарын тээврийн тухай хэлэлцээр хийхээс 12 жилийн өмнө манайх шууд нислэг үйлдэх саналаа илэрхийлж байсан гэдэг. Үүний хүрээнд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа /FAA/-наас мэргэжилтнүүд 2012 онд ирж аудит хийсэн байдаг. Ингээд тухайн үед 10 гаруй шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа учраас олон улсын стандарт, АНУ-аас тавьдаг шалгуур, ИКАО-гийн шаардлагад нийцүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргаж, түүнийгээ ЗТХЯ, ИНЕГ-т өгөөд явсан аж. Тухайн үед ИНЕГ-ын өнөөгийн дарга Ч.Мөнхтуяа ЗТХЯ-ны Агаарын тээрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албан тушаалтан байсан. Тэр үедээ АНУ-ын талаас тавьсан шаардлагыг биелүүлэх талаар хүчин чармайлт гаргасан бол өдгөө эрсдэлтэй тулгарахгүй нь ойлгомжтой. Хойд Америк руунисэх САТ-1 үнэлгээ авч_ энэ оны хоёрдугаар улиралд багтаж монголчууд АНУ-руу өөрсдийн агаарын тээвэрлэгчээр шууд хүрэх боломж бүрдэх байсан биз. Гэтэл ИНЕГ-аас зарласан 1.8 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй тендер үр дүнгүй болчихлоо. Ийм хэмжэний мөнгө үрэн таран хийхийн оронд нисэхийн нарийн мэргэшсэн инженер, доктор, профессоруудаа ажиллуулсан бол үр дүн гарах ч байсан юм билүү. Үүнээс гадна ИНЕГ-ын удирдлага Засгийн газрын үйл ажиллагаатай тэрссэн өөр ч үйлдэл гаргаж буй гэх.

Тодруулбал Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Гэтэл тус газрынхан үүнийг хэрэгжүүлэхгүй гэж ажилтан, албан хаагчдадаа мэдэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлэв. Тэдний өгүүлснээр тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийнхэн удирдлагатайгаа гурван тулт хэлэлцээр хийгээд ажилтнуудынхаа цалинг 40 хувь хүртэл нэмэх боломжтой гэж дүгнэнэ санал болгосон байна. Гэтэл өнөөгийн удирдлага нь боломжгүй хэмээн татгалзсан аж. Үүнээс үзэхэд ИНЕГ-ын өнөөгийн удирдлага Засгийн газрынхаа үйл ажиллагаатай тэрсэлдэж байна гэхэд хилсдэхгүй. 

Г.РАВЖАА