Улс төр

ADMIN
11 сарын 08
11 / 08

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд зааснаар улсын төсөв батлах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх бөгөөд Улсын Их Хурал төсвийг хэлэлцэх эрх, мөн үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ хүрээнд бид өнөөдөр Монгол Улсын 2025 оны төсвийг баталлаа.

Бид төсвийн төслийг ямар хугацаанд, яаж хэлэлцэх вэ гэдэг нарийвчилсан дэгтэй. Төсөв хэлэлцэх ажиллагаа бусад хуулийн төслийг хэлэлцэх үе шатаас өөр байдаг. Энэхүү төсвийн төслийг хэлэлцэхийг иргэд маань анзаарч харсан байх. Харин Улсын Их Хурлын гишүүд хуульд заасан энэ дэгээ баримтлах үүрэгтэй. УИХ-ын гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ямагт хүндэтгэнэ. Гэхдээ гишүүд хуульд заасны дагуу хэлэлцэх дэг, гаргасан саналыг нь шийдвэрлэх хууль, эрх зүйн боломжийг зөв үнэлж тунгааж, иргэд, олон нийтийг бодитой мэдээллээр хангаж байх хэрэгтэй. Ер нь парламент олон ургалч үзлийн талбар байх ёстой. Үүнийг миний бие тууштай дэмжиж баримтална. Парламентын энэ индэрт санал бодлоо хэлж байгаа УИХ-ын гишүүд болон асуултад хариулж байгаа сайд, мэргэжилтнүүд аль нь ч бай Монгол Улсын Үндсэн хуулийг санан сахиж байх үүрэгтэйг хэлье.

Үндсэн хуульд хүнийг нас, хүйс, эрхэлсэн шинэ, хуучин ажлаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан. Иймд бид бусдад хүндэтгэлтэй хандах, өөр үзэл бодолд хүлээцтэй байхад хаа хаанаа анхаарах нь зүйтэй. 

Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино. Тиймээс нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон ургалч үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчим чухал. Тиймээс УИХ өнөөдөр 2025 оны төсвийн хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол баталлаа.

Өнөөдрийн хүрсэн үр дүнг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлт, сэргэлтийг хадгалж, цаашид тогтвортой авч явах нь Улсын Их Хурлын гишүүн бүрийн чин эрмэлзэл байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.

УИХ-ын гишүүдээс 2025 оны төсвийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэж, Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээнүүдийн эрэмбэ, дэс дарааллыг нягтлах талаар олон санал, шаардлага гаргалаа.

Иймд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг үндэслэн энэхүү батлагдсан 2025 оны төсвийг макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх нөлөөллийн талаар үнэлгээ хийж үр дүнг танилцуулахыг Засгийн газарт даалгаж байна.

Түүнчлэн, хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн олон асуудлыг Засгийн газраас дахин нягталж, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгож байна. 

Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хэмнэлттэйгээр захиран зарцуулахын тулд төсвийн төлөвлөлтийг сайжруулж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөв үнэлж, эдийн засгийн бодлого хоорондын нийцлийг зөв хангаж ажиллахад Засгийн газар анхаарах ёстой.

Эдийн засгийн энэ эрчимтэй тэлэлтийг зөв зохистойгоор удирдахын тулд Засгийн газар, Монголбанк, төрийн бусад байгууллагуудын ажлын уялдаа холбоо, зохицуулалт нягт байж үр дүнд хүрнэ.

Төсөв хэлэлцэж эхлэхтэй холбоотойгоор үүссэн олон асуудал хуулиуд хоорондын нийцлээс шалтгаалж байгааг та бүхэн анзаарч байгаа байх.

Төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлагдах хүртэл энэ шат дарааллын цаглаврыг жигдрүүлж, ойлгомжтой болгох асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтран ажиллах хэрэгтэй.

Дахин хэлэхэд, Улсын Их Хурал бол асуудлыг олон ургалч үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэх зарчим баримтлах ёстой. Энэ зарчмыг баримталж бид өнөөдөр 2025 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн хуульд заасан хугацаанд баталлаа. Та бүхэнд баярлалаа.