Эдийн засаг

ADMIN
10 сарын 25
10 / 25

“Эдийн засаг ба хууль тогтоомжийн уламжлал, шинэчлэл, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

“Эдийн засаг ба хууль тогтоомжийн уламжлал, шинэчлэл, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Улсын Их Хурлын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хороо, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Герман, Европын эрх зүйн төв хамтран өнөөдөр /2024.10.24/ “Эдийн засаг ба хууль тогтоомжийн уламжлал, шинэчлэл, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж Улсын Их Хурлын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь үг хэлсэн. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга “Гурван төгөлдөршил” буюу хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгож, хууль бүтээх үйл явцыг “хүн төв”-тэй байхад чиглүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна гээд цаашдаа энэ чиглэлээр эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах эхлэл тавигдаж буйг онцоллоо.


Эрдэм шинжилгээний хурал Санхүү, эдийн засгийн их сургуулийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш, докторант Л.Отгонбаярын “Өрсөлдөөний эрх зүй дэх картелийн зохицуулалт: Протекционизмын асуудал” илтгэлээр эхлэв. Түүний дараа Монголын хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн, докторант Б.Баасандорж “Монгол Улс дахь татварын эрх зүйн шинэтгэл: Хэрэглээний татварын дахин хуваарилалтын чиг үүрэг ба НӨАТ-ын зохицуулалт”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Л.Банзрагч “Гэрээний эрх зүй дэх хохирол: онол арга зүйн асуудал" сэдэвт илтгэлийг тус тус танилцуулав.

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач, докторант Б.Батбаяр “Монгол Улс дахь хууль тогтоомжийн төрөлжүүлэлт: түүх ба орчин үе” илтгэлдээ, хууль тогтоомжийг төрөлжүүлэн, зайлшгүй шаардлагатай хэм хэмжээг нэгтгэн, дотоод уялдаа холбоог хангасан, зөрчилгүй, давхардалгүй, тогтвортой агуулгатай болгосноор шаардлагагүй, “амьгүй” олон хуулиас ангижирч зохист байдалд хүрнэ. Мөн ойлгож, хэрэглэхэд хялбар болохын зэрэгцээ иргэдийн эрх зүйн ухамсар дээшилж, эрх зүйн соёлын төлөвшилд дэм болно. Эцэст нь үндэсний эрх зүйн хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ гэв. Хэлэлцүүлэгт хууль зүйн салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.