Шуурхай мэдээ

ADMIN
08 сарын 29
08 / 29

ГССҮТ-Д СКҮҮТЭР, ЦАХИЛГААН ДУГУЙНААС ҮҮДЭЛТЭЙ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГСДИЙН 60 ХУВЬ НЬ 0-18 НАСНЫХАН БАЙНА

ГССҮТ-Д СКҮҮТЭР, ЦАХИЛГААН ДУГУЙНААС ҮҮДЭЛТЭЙ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГСДИЙН  60 ХУВЬ НЬ 0-18 НАСНЫХАН БАЙНА

Сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2019-2024 оны эхний долоон сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар нийт 539 үйлчлүүлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүний 25 (4.6%) нь хэвтэн эмчлүүлсэн байна. 

Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 60% нь 0-18 насны хүүхэд байгаа бол, үлдсэн нь насанд хүрэгчид байна. Эдгээрээс 22 (88%) нь мэс засал эмчилгээ хийлгэсэн бөгөөд үүний 63.6% нь 0-18 насны хүүхэд байна.

Энэ төрлийн осол гэмтэлд 10-19 насныхан илүү өртөж буй төдийгүй гэмтлийн оношоор нь авч үзвэл, тохой болон шууны гэмтэл 26.7%, тархины гэмтэл 18%, өвдөг болон шилбэний гэмтэл 18%-иар тус, тус тэргүүлж байгаа юм.

Бүртгэгдсэн тохиолдлуудыг шалтгаанаар нь ангилж үзвэл:

·       Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч онхолдох буюу унаж гэмтэх -492 (84.2%)

·       Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч автомашинтай мөргөлдөж гэмтэх -59 (10.1%)

·       Явган зорчигч цахилгаан дугуй, скүүтэрт мөргүүлж гэмтэх -25 (4.3%)

·       Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөж гэмтэх -7 (1.2%)

·       Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч явган хүнтэй мөргөлдөж гэмтэх -1 (0.2%) байна.

Скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл, 480 (82.2%) нь гудамж, нийтийн зам талбайд бэртэж гэмтжээ.