ADMIN
08 сарын 28
08 / 28

АЗИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР МОНГОЛ УЛСААС АНХ УДАА МТҮП-ЫН ЗАХИРАЛ Ж.ЗОЛЗАЯАГ БАТЛАМЖИЛЛАА

АЗИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР МОНГОЛ УЛСААС АНХ УДАА МТҮП-ЫН ЗАХИРАЛ Ж.ЗОЛЗАЯАГ БАТЛАМЖИЛЛАА

Монгол улсад анх удаа “Азийн Шинжлэх Ухаан, Технологийн Паркуудын XXVII их хурал”-ыг Эдийн засаг, хөгжлийн яам; Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам; Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк; Шинжлэх Ухааны Паркийн Захиргаа зэрэг байгууллагууд хамтран 2024 оны 8 дугаар сарын 19-21 өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

✅Азийн Шинжлэх Ухааны Паркуудын Холбоо нь Ази-Номхон далайн бүсийн шинжлэх ухаан, технологийн паркууд, судалгаа хөгжүүлэлтийн төв, инновацийн хаб, технологи дамжуулах төвүүд, мэргэжлийн холбоодыг эгнээндээ нэгтгэн, салбарын хөгжил, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдсан, бүс нутгийн хүрээнд бодлого тодорхойлох, мэдлэг түгээх, технологи дамжуулах тэргүүлэгч институц юм.

✅Шинжлэх ухаан, технологийн салбарын ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, ирээдүйн чиг хандлагыг бүс нутгийн хэмжээнд тодорхойлон, гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх боломж олгодог энэхүү арга хэмжээг зохион байгуулах нь зохион байгуулагч орны хувьд нэр хүндтэй бөгөөд өндөр үүрэг хариуцлагыг хүлээдэг. Энэ удаагийн 27-р их хуралд Азийн 11 орны нийт 200 гаруй зочин төлөөлөгчид оролцож “Бүсийн хөгжилд оруулах Шинжлэх ухаан Технологийн Паркуудын хүлээх үүрэг, үзүүлэх нөлөө” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэгүүд өрнөлөө. 

✅МТҮП нь тус холбооны гишүүн байгууллагаар 2012 онд элссэн бөгөөд тус холбооны удирдах зөвлөлийн 32-р хурлыг 2014 онд Монгол улсад зохион байгуулж байв. 

✅Энэ удаагийн их хурлын үеэр зохион байгуулагдсан АШУПХ | ASPA -ийн удирдах зөвлөлийн 42-р дахь хурлаар МТҮП-ийн захирал Ж.Золзаяаг тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр батламжилсан нь тус арга хэмжээний онцлох хэсэг боллоо. Монгол улсын түүхэнд анх удаа Шинжлэх ухаан, технологийн салбарын бүс нутгийн тэргүүлэгч байгууллагын удирдах зөвлөлд сонгогдсон нь салбарын хөгжлийг ахиулах, инновац, технологийн бизнесүүдийг Азийн зах зээлд гүүр болох өндөр ач холбогдолтой юм.

✅Мөн түүнчлэн “Бүсийн хөгжилд шинжлэх ухаан, технологийн паркуудын гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөө” сэдвийн дор зохион байгуулагдсан XXVII их хурлын үеэр МТҮП нь БНХАУ-ын Цинхуа Их Сургуулийн Шинжлэх Ухааны Парк, Тайланд улсын Бизнес Инкубатор, Шинжлэх Ухааны Паркуудын Холбоо, Узбекистан улсын Мэдээллийн Технологийн Парк, Гванжугын Технологийн Парк, Prince of Songkla Их Сургуулийн Шинжлэх Ухааны Парк зэрэг нийт таван байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан нь салбарын хөгжлийн төлөө хамтын ажиллагааг өргөжүүлж, бодит үр дүнд хүрэх боломжийг баталгаажуулж байна. 

Zolzaya Jargalsaikhan

Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park

#ITPark #мэдээллийнтехнологийнүндэснийпарк #ITParkMongolia #ASPA2024 #ASPABoardmember #ASPABoardmeeting