Шуурхай мэдээ

ADMIN
04 сарын 30
04 / 30

АСЕМ-ын үеэр авсан автобуснуудыг АТГ, ЦЕГ, УЕПГ-т санхүүгийн түрээсээр олгожээ

АСЕМ-ын үеэр авсан автобуснуудыг АТГ, ЦЕГ, УЕПГ-т санхүүгийн түрээсээр олгожээ

Фэйсбүүкт өмгөөлөгч Б.Баяраа “Хөгжлийн банкны 2018-2022 оны олон улсын аудитлагдсан санхүүгийн тайланг сонирхож байтал Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар хамтдаа хоёр тэрбум гаруй төгрөгийн зээл авсан болж таарлаа. Сүүлийн тайлангаар ЦЕГ, УЕПГ зээлээ төлж дуусгаагүй байна. Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар “Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харна” гэгчээр маш олон бизнес эрхлэгч-зээлдэгч нарыг зарим зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар шүүхэд шилжүүлж ял шийтгүүлсэн. Авлигатай тэмцэх газар нь Хөгжлийн банкны Өр барагдуулах алба шиг, харин прокурор нь банкны Дотоод аудитын нэгж шиг “сэтгэл гаргаж” ажилласныг гайхаад байсан чинь өөрсдөө хохирогчоос зээл авчихсан хамааралтай этгээдүүд болж таарлаа” хэмээн бичээд буй. Харамсалтай нь, өмгөөлөгч Б.Баяраа гэгч “үлээх гэж буй шүгэл”-ийнхээ учрыг олоогүй бололтой. Хуульч, өмгөөлөгч хүн ул суурьтай хандаж болмоор. АН засгийн эрх барьж байх үед, төрийн тэргүүнээр Ц.Элбэгдорж ажиллаж байхдаа Улаанбаатар хотноо Ази, Европын дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ-ын хурал зохион байгуулсан. Энэ үедээ Хөгжлийн банкнаас багагүй хэмжээний хөрөнгө гаргаж, дараа нь төр, хувийн байгууллага, иргэнд түрээсээр болон санхүүгийн бусад хэлбэрээр олгосон байдаг. Тухайн үед ашиглаж байсан суудлын автомашинуудын нэгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар жолоодож яваад онхолдуулсан бичлэг нь олон нийтийн сүлжээнд одоо ч бий. АТГ, ЦЕГ, УЕПГ-т Хөгжлийн банкнаас хоёр тэрбумын зээл олгосон хэмээн бичиж буй ч үнэн хэрэгтээ АСЕМ-ын үеэр авсан автобуснуудаа өндөр үнээр шахчихсан бололтой. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаныхнаас тодруулахад “УЕПГ Хөгжлийн банкнаас зээл авсан гэдэг нь ташаа мэдээлэл. Прокурорын байгууллага Хөгжлийн банктай гэрээ байгуулж, зээл авсан тохиолдол байхгүй. Харин АСЕМ-ын үйлчилгээнд ашиглаж байсан 43 автобусыг зарим төрийн байгууллагад шилжүүлсэн. Үүнээс манайд нэг автобусыг үндсэн төлбөрийг 10 жилийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр, “Ди би эм лизинг” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээгээр 2018 онд шилжүүлсэн. Одоо прокурорын байгууллага дээрх автобусны төлбөрийг хуваарийн дагуу хэвийн төлж байна. “Ди би эм лизинг” ХХК нь Хөгжлийн банкны “охин” компани учраас тус банкны 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд дээрх төлбөрийн асуудал тусгагдсан байх. Үүнийг өмгөөлөгч Б.Баяраа сайтар нягталж тодруулалгүйгээр, УЕПГ-ыг Хөгжлийн банкнаас зээл авсан мэтээр буруу ойлгож бичсэн байна” хэмээв. Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал, УИХ-аас зохион байгуулсан нээлттэй сонсголын үеэр ч энэ 43 автобусны талаар яригдаж байсан бөгөөд тэдний гурав нь ор сураггүй болсныг сөхсөн ч түүнээс хойш хэрхсэн нь тодорхойгүй байгаа билээ.