ТОЙМ

ADMIN
07 сарын 30
07 / 30

ЗҮҮН АЗИЙН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГҮҮДИЙН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

ЗҮҮН АЗИЙН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГҮҮДИЙН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран Улаанбаатар хотноо Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн Удирдагчдын уулзалтыг зохион байгуулж байна.

Зүүн Азийн орнуудын Улаан загалмайн Удирдагчид жил бүр нүүр тулан уулзаж, бүс нутгийн хэмжээнд хүмүүнлэгийн тулгамдсан асуудлаа хэлэлцэн үйл ажиллагааны шилдэг арга туршлагаа хуваалцаж, хамтран ажиллах чиглэл, тэргүүлэх зорилтуудаа тодорхойлдог уламжлалтай.

Энэхүү уулзалт нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг Үндэсний нийгэмлэгүүд, Олон улсын Улаан загалмай хороо, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг улам нэгтгэж, аливаа хямралыг даван туулах бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, Үндэсний нийгэмлэгийн хүчин чадлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн Удирдагчдын уулзалтад Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн захирал Александр Матью, Олон улсын Улаан загалмайн хорооны Зүүн Азийн бүсийн захирал Балтхасар Стэйхэмил, БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Чулсоо Ким, Япон улсын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Атсуши Сэйкэ, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Дэд Ерөнхийлөгч Ванг Рин, Монголоос Гадаад харилцааны сайд, МУЗН-ийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын хүндэт зочид оролцож байна.

Удирдагчдын уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ,

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо болсон “Ази, Номхон далайн бүсийн Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн 11 дэх удаагийн бага хурал”-аас Ханойн уриалгыг баталсан бөгөөд энэхүү уриалгыг хэрэгжүүлэхэд Үндэсний нийгэмлэгүүдийн Удирдагчид анхаарлаа хандуулж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болон манай бүс нутагт урьд өмнөхөөс илүү хүмүүнлэгийн хэрэгцээ үүсч, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, байгалийн томоохон гамшиг, аюулт үзэгдэлд бэлэн байх, урьдчилан тооцоолж, эрт хариу арга хэмжээ авах чадавхиа улам бэхжүүлэх нь бидний тулгамдсан асуудал болж байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс орнуудын нэг бөгөөд хэт хүйтрэлт, удаан үргэлжилдэг хатуу ширүүн өвөл, зуд, ган гачиг, гал түймэр, цасан болон шороон шуурга, үер усны гамшиг, байгалийн аюулт үзэгдэл байнга тохиолдож байна.

Өнгөрсөн өвөл Монгол оронд тохиолдсон зудын гамшгийг даван туулахад Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Үндэсний нийгэмлэгүүд, тухайлбал БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, Японы Улаан загалмай нийгэмлэг, БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгээс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн.

Удирдагчдын уулзалтын өмнө Улаанбаатар хотноо Зүүн Азийн Улаан загалмайн Залуучуудын зуслан цугларалт, Залуучуудын сүлжээний уулзалт болж өндөрлөсөн бөгөөд хүүхэд залуучуудын гамшгийн бэлэн байдлын талаарх мэдлэг, ур чадварыг тасралтгүй нэмэгдүүлж, тэдний хөгжилд хөрөнгө оруулалт хийж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд болон Улаан загалмайн шийдвэр гаргах бүх түвшинд залуучуудын оролцоог хангахад Үндэсний нийгэмлэгийн Удирдагчид бид онцгой анхаарч, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй гэж бодож байна” хэмээн онцоллоо.

Энэ жилийн Лидерүүдийн Форум нь Зүүн Азийн эн тэргүүнд хэрэгжүүлэх дэд зорилтууд болон гол хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэн, бүс нутгийн болон дэлхий нийтийн амлалтуудтай уялдуулан, Үндэсний нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, залуучуудын оролцоо, эмэгтэйчүүдийн удирдлага, үндэсний нийгэмлэгүүдийн энэ бүс нутагт тохиолдож болзошгүй мега-гамшгийн үед хамтран ажиллах, зохицуулах талаар гүнзгийрүүлсэн хэлэлцүүлэг өрнүүлж, оролцоо, ил тод байдлыг хангах чиглэлээр удирдагчдын дунд стратегийн яриа хэлэлцээг өрнүүлэхэд тус дөхөм болохыг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэж байлаа.