Авлигын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнууд хөрөнгөө нуухдаа элдэв зүйл худалдан авч буй. Дуулиант “нүүрсний” гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан гадаадаас брэндийн пиджак авчирч худалддаг байсан, маркны цуглуулга зарж борлуулсан мөнгөөрөө адууны жүчээ авсан хэмээн мэдэгдэж байсан удаатай. Юутай ч Т.Аюурсайханыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож, нээлттэй хорих ангид гурван жил хорих ял шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хассан. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн 1.8 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгүүдийг нь хурааж улсын орлого болгохоор шийдсэн юм. Энэ хөрөнгө дунд нь нэлээд өндрөөр үнэлэгдэх адууны жүчээ багтсан байдаг.
Тэгвэл алттай гэрлийн бүрхүүл (абжур) хураасан тохиолдол байдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Төрийн банкны удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 онд шийдвэрлэж байсан. Тодруулбал, тус банкны ерөнхий захирал Д.Баярсайхан, гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, тэргүүн дэд захирал Д.Ганбаатар, Зээлийн ерөнхий хорооны гишүүн Ц.Энхтунгалаг, Ж.Бурмаа, Л.Чинбат, Г.Тогтохбаатар, Б.Эрдэнэбаатар нарт холбогдох “маш нууц” хэргийг хаалттай хэлэлцсэн билээ. 2017 оны зургаадугаар сарын 23-нд, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгохдоо давуу байдал бий болгосон хэмээн тухайн үед олны анхаарал татаж байв. Тэгвэл эл хэргийн холбогдогч нар болох Б.Цэндсүрэн, Д.Ганбаатар нарыг 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, 98 000 ам.долларын хахууль авч, тавилга, бусад эд зүйл хувьдаа авсан хэрэгт буруутгасан. Эл тавилга дунд нь алтны орцтой буюу үнэт металиар чимэглэсэн гэрлийн бүрхүүл байсныг хууль сахиулагчид эд мөрийн баримтаар хураан авч байжээ.
Авлигын хэрэгт холбогдсон хүмүүс автомашинд хөрөнгөө “оруулсан” тохиолдлыг тоолоод баршгүй. Хамгийн сүүлд шалгуулж буй Ханги боомт дахь Гаалийн салбарын албан тушаалтан Ж.Мөнхтөр, үүний өмнө АТГ-т шалгуулж эхэлсэн “Монголын төмөр зам”-ын албан тушаалтан Д.Банзрагч нарыг хахуулийн мөнгөөрөө жийп авсан байж болзошгүй хэмээн мөрдөн байцаалт явуулж байгаа.
Тэгвэл “ногоон автобус”-ны хэргийн хүрээнд шалгуулж буй, “Эрдэм транс” ХХК-ийн ерөнхий захирал Я.Эрдэнэбилэг, нэлээд олон жилийн өмнө шалгуулж байсан, Шадар сайд, Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж асан Д.Дорлигжав нар хуучны автомашины цуглуулгатай болох нь шалгалтын явцад ил болж байсан удаатай. Харин тэдгээрийг авсан хөрөнгийн эх үүсвэр юунаас гаралтай гэдгийг ард түмэн өнөөг хүртэл мэдэхгүй л сууна. Г.РАВЖАА