Нантыг доргиож Францчуудыг шуугиулсан Монголын их хаадын үеийн хосгүй үнэт дурсгалтай монголчууд өөрсдөө танилцах ховор завшаан бүрдлээ. Энэ бол “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэн”. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох энэ үзэсгэлэнг “Чингис хаан” музейн таван давхарт дэглэжээ.
ӨЛЗИЙТ ХААНЫ ЗАХИДАЛ МОНГОЛ БИЧИГ ДЭЛХИЙН ХЭЛ БАЙСНЫГ НОТОЛСОН ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ӨВ
Энэхүү үзэсгэлэнгийн гол дурсгал нь 1305 онд Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн Монгол бичгийн захидал юм. Уг захидлыг 800 зууны дараа л өлгий нутагтаа ирж байна гэдэг.
719 жилийн дараа Өлзийт хааны захидал эх хувиараа өлгий нутагтаа тив дамжин ирж байгаагаараа онцлог. Энэ талаар Чингис хаан музейн захирал, академич С.Чулуун “Монгол бичиг дэлхийн хэл, бичиг байсныг Ил хаан Өлзийтийн захидал нотолж байна” гэсэн юм.
Өлзийт хааны захидал нь Монгол хаадын бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв, төрт ёсны уламжлал, Монголын амар амгалан хийгээд Монгол бичгийн гайхамшигт соёлыг харуулснаараа онцлог.
МОНГОЛ ХААД ИРАНЫ СОЁЛЫГ ДАХИН ТОДОРХОЙЛСОН ГЭВ
Өнгөрсөн жил Францын Нант хотод Чингис хааны тухай олон улсын үзэсгэлэнг гаргасан зургаан сар гаруйн хугацаанд 250 мянга гаруй үзэгч сонирхжээ. Тэртээ НТӨ II зуунаас НТ-ыг XIV зуун хүртэлх үеийг харуулах Монголын нутгаас олдоогүй Ил хаант, Юань улс, Кидан улс, Хүннү үеийн ховор дурсгалыг харсан гадныхан “Монголчууд ямар их түүх, өв соёлтой ард түмэн бэ” гэж дуу алдаж байсан гэдэг.
Энэ тухай Францын Севр Керамикийн Үндэсний музейн куратор Делфин Мирудо “Чингис хааны үр удам болсон Ил хаант улс оюун ухааныг эрхэмлэдэг, бичиг үсгийн маш өндөр боловсролтой, шинжлэх ухааны судлаач, түүхч хүмүүсийг ордонд ажилуулж байсны ул мөрийг үлдээсэн юм. Монгол хаад Ираны соёлыг дахин тодорхойлсон гэж хэлж болно” гэдгийг яриандаа тодотгосон юм. Тэрбээр,
-Ил хаант улс Иран болон Иракийн тодорхой хэсгийг эзлэн анх хаанчилж байсан. 1258 оноос бидэнд хүрч ирсэн эд зүйлсийг энэхүү үзэсгэлэнд дэлгэхэд бэлэн болоод байна. Та бүхэнд авчирч байсан үзмэрүүд Ил хаадын бунхан, шашны ариун санваартан хүмүүсийг бунхныг чимэглэж байсан шаазан хананы хэлтэрхийнүүд байгаа юм. Дээр нь бас үг үсэг сийлж үлдээсэн. Араб болон Перс хэлний үгс байгаа юм. Эндээс Ил хаант улс түүхч, шинжлэх ухаанч, бичиг үсгийн соёлтой хүмүүсийг ордонд ажиллуулж байсны ул мөр харагдаж байгаа гэсэн юм.
МОНГОЛЧУУДЫГ МОРИН ДЭЛ ДЭЭРЭЭС Л ТӨСӨӨЛДӨГ ДЭЛХИЙ ДАХИНЫ ОЙЛГОЛТЫГ ХОТЖИЛТ "ЗАЛРУУЛНА"
Швейцарын Ритберг музейн дэдэ захирал Белц “Чингис хаан, түүний үр удмын дэлхий дахинд үлдээсэн үр нөлөөг харуулж буй үзэсгэлэнг зохион байгуулахад манай музейн үзмэрийг оролцуулж байгаадаа гүн талархал илэрхийлье. Манай музейн хувьд Монголын урлаг болон түүхийн талаар үзмэр толилуулах сонирхолтой. Бид Швейцар улсад монголчуудын талаарх үзэсгэлэнг ирэх жил зохион байгуулна. Монголын хотжилтын талаар толилуулна. Тэр дундаа, Орхоны хөндийг онцлохоор төлөвлөсөн. Учир нь, дэлхий дахинд Монголыг морин дэл дээр л давхидаг ард түмэн гэж хардаг. Гэтэл монголчууд эртнээс хот байгуулж хөгжиж ирсэн түүхтэй гэдгийг харуулах зорилготой” гэж байлаа.
Өдгөө Европын улс орнуудад хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний үеийн Их хаадын эдэлж хэрэглэж байсан хосгүй нандин дурсгалуудыг Чингис хаан музейд наймдугаар сарын 25 хүртэл дэлгэх юм байна. Тус музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” нэртэйгээр толилуулж буй энэ үзэсгэлэн 600 гаруй үзмэрээс бүрдэж байгаа юм байна. Тухайлбал, Юань гүрний үед хэрэглэж байсан шаазан урлал, болор толь, болор хундага, Хүннүгийн үеийн хаадын алтан бүс зэрэг 600 орчим үзмэрээс бүрдэж байна.