Сөрөг хүчний хүсэмжлэл Монголын улс төрийг бүчих болсон өнөө цагт АН-ын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар эрх баригч хүчин болох МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бодлогын дэмжлэг үзүүлж, санамж бичигт гарын үсэг зурж, гар атган хамтран болсон нь хачин сонин гэмээр үйл явдал. Тэр дундаа УИХ-ын сонгууль хаяанд ирж, эрх баригч хүчний төлөө, эрх мэдлийн оргилын төлөө хүчийг үзэх ёстой энэ цаг үед парламентад суудалтай сөрөг хүчний удирдагчид ийн эрх баригч намтай гар барьж байсан тохиолдол үгүй. Хэдийгээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, “Эрдэнэс тавантолгой” комданийн ногдол ашгийг иргэдэд олгох асуудалд тэд хамтран зүтгэж буй ч сонгууль бол сонгууль, өрсөлдөөн бол өрсөлдөөн гэдгийг үл огоорч нэгдэх нь улс төр, улс төрийн тоглолт талаас тийм ч зохилтой үйлдэл биш.
Харин эсрэгээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигын эсрэг хийж буй тэмцэл, УИХ-ын дарга Г.Занданшатарыг түүнийг хөхүүлэн дэмжиж буй парламентын дэмжлэг Монголын улс төр дахь сөрөг хүчин, сөрөг намын лидерийн хийвэл зохилтой үйлдэл юм. Өчигдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн тусгай чиг үүргийн 16 байгууллагын удирдлагыг цуглуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хамт УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Улаанбаатар хотын газар олголттой холбоотой нээлттэй сонсголыг энэ оны тавдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулахаа албан ёсоор зарласан. Уг нь энэхүү санаачлагыг баталгаажуулснаараа МАН-ын гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар ийн МАН дахь сөрөг хүчнийг удирдах нөхцөл үүсэв. Нэг ёсондоо өнгөрсөн нэг жилийн хугацаанд авлигын эсрэг тэмцлийг МАН-ын удирдлага эхлүүлж, үргэлжлүүлж, өрнүүлж буй нь ил тод болсон. Энэ дунд УИХ-ын сонгууль хаяанд ирсэн цаг үед буюу УИХ-ын сонгуулиас нэг сарын өмнө газар олголттой холбоотой нээлттэй сонсголыг зарласнаараа УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-ын дотоод улс төрийг эрчимжүүлж, зөрчлийг хурцатгах эрсдлийг үүсгэв. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үүрэг хүлээж ажилласан есөн хотын дарга нараас Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлээс бусад нь МАН-аас томилогдсон, сонгогдсон хотын дарга байсан гэхээр газрын асуудал АН-аас илүү МАН-тай хамаарах учраас тэр юм.
Г.ЖАРГАЛ