ТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 17 /NHK/. Япон улс H3 шинэ зөөгч пуужинг хоёр дахь оролдлогоороо сансарт амжилттай хөөргөлөө.
H3 пуужин Японы цагаар өнөө өглөөний 9:22 цагт баруун өмнөд нутгийн Кагошима мужийн Танегашима сансрын төвөөс хөөрчээ. Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ хоёр дахь шатны хөдөлгүүр ассаныг баталж, пуужин төлөвлөсний дагуу тойрог замд орсон гэж мэдэгдсэн байна.
Уг пуужинг хөөргөх эхний оролдлогыг өнгөрсөн оны гуравдугаар сард хийсэн юм. Гэвч пуужингийн хоёр дахь шатны хөдөлгүүр асаагүйн улмаас хөөргөх ажиллагаа амжилтгүй болж байв. JAXA-гийн мэргэжилтнүүд уг нислэгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, нарийвчлан судалсны дараа амжилтгүй болоход нөлөөлсөн хүчин зүйлсийг тодорхойлжээ.
Улмаар сансрын агентлаг 2024 оны гуравдугаар сарын эцэс гэхэд хоёр дахь оролдлого хийх зорилгоор эд анги, бүрдэл хэсгүүдийг илүү сайн шалгах зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг авчээ. H3 нь H2A пуужингийн залгамж халааг авах бөгөөд даацыг нь нэмэгдүүлж, хөөргөх зардлыг бууруулах ажээ.