Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар салбарын сайд мэдээлэл хийж, Ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2026.10.22/ 10 цаг 41 минутад 29 гишүүний 15 буюу 51.7 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, таван хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааныг Байнгын хорооны дарга М.Мандхай даргалж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.8-д заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан.
Гишүүдийн ирцийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат усны төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь чухал гээд, энэ хүрээнд ирэх оны төсөвт “Онги-Цагаан бургастай” төсөлд хэчнээн төгрөг төлөвлөсөн талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон төрийн дэмжлэг, урамшуулал, хөнгөлөлттэй зээлийг үр дүнтэй болгоход төсвийн хүрээний мэдэгдэлд шийдэл гаргаж ажилласан эсэхийг тодруулж, хариулт авсан.

Гишүүдээс хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар танилцуулахаар тогтов.
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа
Дараа нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Сангийн сайд З.Мэндсайхан хуулийн төслүүдийн талаарх танилцуулгадаа, 2027 онд ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн хөнөөлт шавжтай тэмцэх, тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдал, усны нөөцийг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, 15 мянган га-аас доошгүй талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж, 1.9 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар, цөлжилт, газрын доройтлыг бууруулах арга хэмжээнд 2.0 тэрбум төгрөг нэмж тусгасныг онцлов.

Мөн хүнсний хангамжийг тогтворжуулж, газар тариалан, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор нийт 54.7 тэрбум төгрөгийг улаанбуудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд зориулан төлөвлөжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд зэрэг төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад гадаадын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Оюу толгойн ногдол ашгийн хүрээнд нийт 543.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 56 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, 254.2 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тусгасан. Дээрх төслүүдийн 52 хувь буюу 131.5 тэрбум төгрөгийг үргэлжлэн хэрэгжих төсөлд, 48 хувь буюу 122.7 тэрбум төгрөгийг шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх бөгөөд 53 төслийг 2027 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөснийг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Алтай, Дэлүүн суманд гарсан шүлхий өвчинтэй холбоотой нөхөн төлбөрийг өнөө хэр олгоогүйг дурдаад, ирэх оны төсөвт тусгасан эсэхийг лавлав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хариултдаа, Баян-Өлгий, Ховд аймагт гарсан шүлхийн өвчинтэй холбоотойгоор 4700 гаруй үхрийг устгахаас эхлээд нийт зардалд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс зургаа орчим тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн. Уг хөрөнгийг Сангийн яамаар дамжуулаад тухайн аймгуудын Засаг даргын Тамгын газрын төрийн санруу шилжүүлснийг онцлов. Мөн салбарын яам цаашид шүлхийн вакциныг дотооддоо үйлдвэрлэх зарчмыг баримталж, энэ хүрээнд техникийн шинэчлэлийг хийхээр ирэх оны төсвийн төсөлд холбогдох зардлыг тусгасан гэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум 2026 оныхоо төсвөө батлаагүй өдрийг хүрснийг дурдаад, 2027 оны төсвийн төсөлд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулав.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлэг орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой. Өөрөөр хэлбэл, орон нутгийг удирдах байгууллага өөрийнхөө төсвийг батлах нь бүрэн эрхийнх нь асуудал. Үүнд Засгийн газар, Улсын Их Хурал хөндлөнгөөс оролцох боломжгүй, бас шийдвэрийг нь өөрчлөх эрхгүй хэмээн хариулсан.

Ингээд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Жаргалан, О.Амгаланбаатар, Б.Шижир нараас гаргасан зарчмын зөрүүтэй 13 саналаар санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр хавсралтын “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын багцад “22.6.1.3 Үнэлгээгээр илэрсэн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө, хэрэгжилт. Хэмжих нэгж: хувь, Суурь он: 2026 он, Суурь түвшин: “Т”, Зорилтот түвшин: “Т+5” гэсэн дэд заалт нэмэх, мөн хавсралтын “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад “30.3.1.2 Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, найрлага, харшил үүсгэгч болон аюулгүй байдлын мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх арга хэмжээ. Хэмжих нэгж: хувь, Суурь он: 2026 он, Суурь түвшин: “Т”, Зорилтот түвшин: “Т+5” гэсэн дэд заалт нэмэх” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийн багц дахь байрны түрээсийн зардал болох 549.1 сая төгрөгийн санхүүжилт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь байрны түрээсийн зардлын 266.3 сая төгрөгийн санхүүжилтийг хасах” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Байнгын хороо хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар салбарын сайд мэдээлэл хийлээ
Хуралдаан Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын мэдээллээр үргэлжилсэн.
Тэрбээр мэдээлэлдээ өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, ургац хураалтын явц, махны экспортын нөхцөл байдал болон мал эмнэлгийн салбарт хэрэгжиж буй арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулав.
Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржихаар байгаа бөгөөд мал, мах бэлтгэлийн хүрээнд 10.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөжээ. Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрсэн дүн гарсан. Улсын тусгай хэрэгцээний газар, хилийн зурвас, байгалийн цогцолбор газарт отроор өвөлжих малчин өрхийн хүсэлт, судалгааг нарийвчлан гаргаж байна. Тусгай хэрэгцээний отрын нөөц бүс нутгийн бэлчээрийн даацаар 717.4 мянган толгой хонь өвөлжүүлэх боломжтой бөгөөд оторчдын хүсэлтийг (otorchin.gov.mn) цахим системээр хүлээн авч шийдвэрлэж байгаа аж.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу өвс тэжээлийн аюулгүй нөөцөд 12.1 мянган тонн байгалийн хадлан, 4.9 мянган тонн үйлдвэрийн тэжээл бэлтгэж байна. Байгалийн хадлангийн бэлтгэл 57, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Малчин өрхийн түвшинд 990.7 мянган тонн байгалийн хадлан, 9.0 мянган тонн сүрэл, 22.2 мянган тонн ногоон тэжээл, 71.1 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 4.0 мянган тонн гар тэжээл, 19.0 мянган тонн дарш, хужир шүү бэлтгээд байна. Энэ нь тэжээлийн нэгжид шилжүүлснээр 533.9 мянган тонн болж байна. Мөн энэ оны ургацын төлөвөөс 201.8 мянган тонн тэжээлийн ургамал хураан авч, 103.2 мянган тонн улаанбуудайг малын тэжээл рүү шилжүүлж, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлнэ хэмээн мэдээлэлдээ дурдсан байлаа.
Харин улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийжээ. Ургац хураалт 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 303 мянган га-талбайгаас 509.2 мянган тонн үр тариа, 12.8 мянган га-гаас 169.1 мянган тонн төмс, 11.9 мянган га-гаас 169.1 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 67.7 мянган га-аас 189 мянган тонн, тосны ургамал 47.5 мянган га-аас 30.8 мянган тонн ургац тус тус хураан аваад байгаа аж.

2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Монгол Улсаас нийт 36.7 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн (түүхий ястай маханд шилжүүлснээр 48.3 мянган тонн)-ийг 139.7 сая ам.доллароор экспортолсон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспортын хэмжээ 22.6 хувиар, мөнгөн дүн 29.5 хувиар тус тус буурсан байгааг мэдээлэлд дурдсан байлаа.
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2026 онд 17 нэрийн халдварт өвчнөөс 17.2 сая толгой малыг урьдчилан сэргийлэхээр өвчний гаралт тархалтад тулгуурлан төлөвлөж, 15.5 сая толгой мал хамруулж 90.0 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж байгааг Ц.Идэрбат сайд мэдээлэлдээ онцлов. Шүлхий өвчний О, SAT-1 хэвшлээс урьдчилан сэргийлэх 2026 намрын дархлаажуулалтад нийт 13 аймаг, нийслэлийн 101 сумын 5.0 сая толгой мэдрэмтгий мал сүргийг хамруулаад байна. Төв, говийн бүсийн найман аймгийн үхэр, гахайг дархлаажуулахад шаардагдах 3.6 сая тун вакциныг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж, төсвийн тодотголыг хүлээж байна. Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад эрсдэл бүхий 4 аймгийн 2.7 сая толгой бог малын төлийг хамруулах ажил 41.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт эрсдэл бүхий 10 аймгийн 14.9 сая толгой мэдрэмтгий мал сүргийг хамруулахаас 9.7 сая толгойг 68.0 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгааг мэдээлэлд дурджээ.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Бейсен, Г.Ганбаатар, Ц.Туваан. М.Ганхүлэг, М.Мандхай нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд Засгийн газрын 262 дугаар тогтоолоор Шивээ хүрэн боомтоор ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн гаргахыг хориглосон шалтгаан, үхэр, хонины арьс ширийг баялаг болгохын тулд салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар лавлав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар боомтоор нэвтрүүлэх бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг хуучин хэвээр шийдвэрлэх асуудлыг оруулж байгаа гэлээ. Мөн үхрийн арьсны чанар сайжирч улмаар 100 арьснаас 30 нь тэнцэж, бусад нь хаягддаг байсан бол одоо 93 арьс нь тэнцдэг болсон тул үүнд тулгуурлаад хүйтний улиралд Монгол Улсын нутаг дэвсгэрт үхрийн арьс хаяхгүй байх ямар боломж байгаа талаар дараагийн төлөвлөгөөгөө гарган хэрэгжүүлж ажиллана. Харин хонины нэхийний тухайд хүндрэлтэй байдал хэвээр байгаа хэдий ч салбарын яам малын гаралтай түүхий эдээ хаяхгүй, баялаг болгох чиглэлийг баримтлан ажиллаж байна хэмээн хариулж байлаа.

Түүнчлэн гишүүд энэ жилийн ургацын бланс өндөр байгаа тул дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөс гадна, тариаланчдын хураасан үлдсэн улаанбуудайг хэрхэн шийдвэрлэх, баруун бүсэд дэгдсэн малын халдвар өвчин махны экспортын бууралтад нөлөөлсөн эсэхийг тодруулж байлаа.
Салбарын сайд Ц.Идэрбат, Газар тариалангийн салбарыг улаанбуудайн дотоодын хэрэгцээг 100 хувь хангахад чиглүүлж хөгжүүлэх нь учир дутагдалтай байгаа нь харагдсан. Иймд Зүүн өмнөд азид газар тариалангийн салбарын экспортын үүд хаалгыг нээх асуудалд бид Гадаад харилцааны яамтай хамтарч, ажлын хэсэг гарган ажиллаж байна. Энэ жил ургацын бланс өндөр гарсан тул гаднаас тэжээлийн будаа авах асуудлыг зогсоосон. Цаг үе нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор улаан буудайн хүнсний хэрэглээнээс гадна үлдэж байгаа будаагаараа хивэг, тэжээл үйлдвэрлэх чиглэлийг барьж, тариаланчдынхаа хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүй хэмээв. Харин махны экспорт буурсан нь Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотой гэлээ.

Ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонслоо
Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонсов.
Энэ талаар Ерөнхий хяналтын сонсголын даргалагч, Байнгын хорооны дарга М.Мандхай танилцууллаа. /дэлгэрэнгүйг эндээс/
Тэрбээр танилцуулгадаа, тус Байнгын хорооны 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар миний бие, гишүүдээр Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Л.Мөнхбаясгалан, Р.Сэддорж, А.Ундраа, Б.Уянга нар ажилласныг онцлов.

Мөн уг сонсголоор хэлэлцсэн асуудал, үр дүнгийн талаар болон шинжээч, аудитын байгууллагын дүгнэлтээс анхаарах асуудлыг танилцуулав. Тодруулбал, шинжээч сонсголын үеэр өөрт ирүүлсэн долоон төрлийн урамшууллын баримтын нийлбэр 630 тэрбум төгрөг, 09 дүгээр сарын 23-ны ажлын хэсгийн хуралд яамнаас танилцуулсан хэмжээ 979.9 тэрбум төгрөг байсныг дурдсан. Арифметик ялгаа 349.9 тэрбум төгрөг бөгөөд шинжээч "349 тэрбум" гэж тоймлон танилцуулсан. Харин сонсголын өдөр яамнаас 931.7 тэрбум төгрөг гэж мэдээлсэн нь өмнөх 979.9 тэрбумаас 48.2 тэрбум төгрөгөөр зөрсөн. Иймээс эдгээр тооны хамрах хүрээ, тооцооны арга, хугацаа, эх үүсвэрийг тодруулж, зөрүүг эцэслэх шаардлагатай хэмээн дүгнэлтэд дурдсаныг М.Мандхай гишүүн тодотгож байлаа.
Шинжээчийн судалгаанд улаанбуудайн урамшууллын 279.9 тэрбум төгрөгөөс 100 орчим тэрбум төгрөгийг 54 аж ахуйн нэгж авсан, нэг өмчлөгчтэй 13 аж ахуйн нэгж 18 тэрбум төгрөг авсан гэж танилцуулсан. Мөн 2024 оны хүнсний ногооны урамшууллын шалгалтаар 75 сая төгрөгөөс дээш урамшуулал авсан 39 иргэн, аж ахуйн нэгжийн 22-1 зөрчил илэрч, 1.3 тэрбум төгрөгийн илүү олголтын талаар мэдээлсэн. Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн 1,286 зээлдэгч, 267.2 тэрбум төгрөгийн мэдээлэлд хийсэн шинжээчийн тооцоонд 2025 оны байдлаар 51.4 хувь хэвийн бус ангилалд хамаарсан гэж дурдсан. Эдгээр нь шинжээчийн болон шалгалтын танилцуулгын мэдээлэл бөгөөд хариуцлага, нөхөн төлбөрийн эцсийн шийдвэрийг тусад нь баталгаажуулах шаардлагатай гэснийг мөн онцлов.

Үндэсний аудитын мэдээлэл, хэлэлцүүлгээр төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гүйцэтгэл, хөрөнгийн бүртгэл, ашиглалт, авлагын эргэн төлөлт, аудитын акт, зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй, ижил төрлийн зөрчил давтагдах эрсдэл хөндөгдлөө. Иргэд, мэргэжлийн холбоодын зүгээс жижиг үйлдвэрлэгч, малчин, фермер, хоршоодод дэмжлэгийн хүртээмж жигд бус, бодлогын тогтворгүй байдал, банкны барьцааны шаардлага хүндрэл учруулж байгааг тэмдэглэсэн байна. Шинжээчид ирүүлсэн материалын хүрээнд хөндлөнгийн шинжилгээ хийгээд "төрийн урамшуулал нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэгдсэн эсэхээр бус, олголт дээр төвлөрч хэрэгжүүлсэн байна. Урамшууллын шалгуур үзүүлэлтийг боловсруулж, мэдээлээгүй, урамшууллын олголт үйлдвэрлэлийн бодит үр дүн, төсвийн зарцуулалт, зарцуулалтын мэдээлэл хоорондоо уялдаагүй байна. Тиймээс урамшууллын талаар холбогдох журам, тогтоолд үр дүн буюу шалгуур үзүүлэлт, чиг үүрэг хариуцлага байхгүй тул урамшууллыг үр дүнтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.” гэж дүгнэсэн гэж байлаа.

Сонсголын тайланд 2008–2025 оны дэмжлэг, урамшууллын мэдээллийг анхан шатны баримттай тулган баталгаажуулж, 349 тэрбум төгрөгийн зөрүүг тайлбарлуулах, дэмжлэг, урамшуулал, зээл, хүүгийн татаас, өр, авлагын нэгдсэн цахим бүртгэл бий болгож, мэдээллийн сангуудыг уялдуулах, дэмжлэгийн төрөл бүрд суурь болон зорилтот түвшин, үр дүнгийн шалгуур тогтоож, үйлдвэрлэл, бүтээмж, нэмүү өртөг, дотоодын хангамжаар үнэлэх, хугацаа хэтэрсэн, эргэлзээтэй өр, авлагыг барагдуулах төлөвлөгөө гаргах, хүртээмж, төвлөрөл, давтан хамрагдалтад үнэлгээ хийж, аудитын акт, шаардлага, зөвлөмжийн биелэлт, баримтын бүрдэл, холбогдох хариуцлагыг хянах, дэмжлэгийн бодлогыг урт хугацааны салбарын зорилттой уялдуулах асуудлыг шийдвэрлэх санал тусгасан гэв. Түүнчлэн 09 дүгээр сарын 29-нд хэлэлцэгдээгүй хөнгөлөлттэй зээл, зээлийн хүүгийн татаас, “Шинэ хоршоо”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Атар-4”, ноос, ноолуурын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардлагатай баримт, мэдээллийг бүрэн гаргуулсны үндсэн дээр парламентын хяналт шалгалтын зохих хэлбэрээр үргэлжлүүлэн авч үзэх саналтай байна гэдгийг сонсгол даргалагч М.Мандхай тайландаа онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Г.Ганбаатар. Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд сонсгол үр дүнтэй болсныг дурдаад, цаашид үүнтэй холбоотой Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулах, сонсголд ирүүлсэн 14 мянган материал мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулах, хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгож буй төрийн дэмжлэг, урамшуулал, татаасын асуудлыг эргэн харж, Улсын Их Хурлаас үр дүн гаргахуулахад чиглэсэн арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлж байлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120.5-д “энэ хуулийн 120.1, 120.2-т заасан сонсголыг Байнгын хороо явуулсан бол сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусган нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.” гэж заасны дагуу “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” сэдэвт Ерөнхий хяналтын сонсголын тайланг нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалтаар явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ерөнхий хяналтын сонсголын тайланг нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120.6-д “Байнгын хороо ... сонсголын тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай 10.1-д заасан асуудлаар холбогдох тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.” гэж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10.1-д “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтны хариуцлагын асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тогтоол гаргана.” гэж заасны дагуу “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга М.Мандхай гишүүдэд танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцсэн.
Асуулгын хариуг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулсан. /Дэлгэрэнгүй эндээс/
Газар эзэмших хүсэлт, газрын эрх олголт, цахим үйлчилгээний тухайд улсын хэмжээнд 2023–2025 онд гэр, орон сууц, хашааны зориулалтаар шинээр газар эзэмшихээр ирүүлсэн 205,099 хүсэлтээс 76,004-ийг шийдвэрлэсэн. Үүнээс нийслэлийн хэмжээнд 92,621 хүсэлтээс 39,491-ийг шийдвэрлэжээ. Харин 2026 оны тайлангийн үеийн байдлаар улсын хэмжээнд шинээр газар эзэмших 366,913 хүсэлт шийдвэрлэгдээгүй бүртгэлтэй байгаа нь газар олголтыг эрчимжүүлэх бодит шаардлага байгааг харуулж байгааг мэдээлэлд дурджээ.
Нөгөө талаас, газрын харилцааны 27 төрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авах боломж бүрдүүлж, 2026 оны 9 дүгээр сарын байдлаар бүртгэгдсэн 468,400 цахим хүсэлтийн 82 хувийг шийдвэрлэсэн. Гэхдээ энэ үзүүлэлт нь шинээр үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийн шийдвэрлэлтээс тусдаа гэдгийг Б.Энхбаяр сайд онцолж байлаа.
Мөн 2025 онд 657 нэгж талбарыг дуудлага худалдаагаар олгож, 37.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд 180 нэгж талбарыг төсөл сонгон шалгаруулалтаар олгосон байна. Хүсэлт шийдвэрлэлтийг цаашид зөвхөн цахимжуулалтаар бус, батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, олгох газрын нөөц болон орон нутгийн байгууллагын ажлын хариуцлагатай уялдуулан сайжруулах шаардлагатай байна гэв.

Иргэнд газар өмчлүүлэх төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тухайд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс 2025 оны эцэс хүртэл улсын хэмжээнд 738,135 иргэнд нийт 73,689 га орчим газар өмчлүүлсэн нь хүн амын ойролцоогоор 20 хувьтай тэнцэж байна. 2026 онд 31,809 иргэнд газар өмчлүүлэхээр төлөвлөснөөс 10 дугаар сарын 19-ний байдлаар 11,433 иргэнд газар өмчлүүлсэн буюу жилийн төлөвлөгөөний хэрэгжилт 35.8 хувьтай байгаа аж.
Хэрэгжилт удааширч байгаа гол шалтгаан нь хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, инженерийн дэд бүтэц, шаардлага хангасан газрын нөөцийн хүрэлцээтэй холбоотой байна. Тухайлбал, улсын хэмжээнд 73 сумын төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй байна. Нийслэлийн хувьд газар өмчлөлтийг хотын урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, шинэ суурьшлын бүс болон дэд бүтцийн шийдэлтэй уялдуулах шаардлагатай гэж мэдээлэлд дурджээ.
Газар чөлөөлөлт, нөхөх олговор, газрын давхардал, маргааны талаарх мэдээлэлд, нийслэлд 2023–2025 онд бүтээн байгуулалтын зориулалтаар 3,511 нэгж талбарыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлснөөс 3,478 нэгж талбарын нөхөх олговрыг бүрэн олгож, 33 нэгж талбарт нөхөх олговор олгох ажиллагаа тодорхой хугацаанд саатсан мэдээлэл байна. Сааталд баримт бичгийн бүрдүүлэлт, барьцаа, санхүүжилт болон шинэ байршил шийдвэрлэх зэрэг хүчин зүйл нөлөөлжээ.
Газрын эрхийн давхардал, хамгаалалтын бүс болон хот байгуулалтын төлөвлөлттэй холбоотой зөрчлөөс маргаан үүсэх тохиолдол байсаар байна. Үүнийг бууруулахын тулд газрын кадастрын мэдээллийг бусад салбарын мэдээллийн сантай уялдуулах, газар олгохоос өмнөх хяналтыг сайжруулах, үүссэн маргааныг хуульд заасан журмаар шуурхай шийдвэрлэхэд анхаарч байгааг мэдээлэлд дурджээ.

Газрын төлбөр, үнэлгээний тухайд, газрын төлбөрийн орлогоос 2023 онд 140.5 тэрбум, 2024 онд 142.2 тэрбум, 2025 онд 134.1 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Газрын төлбөр, үнэлгээг тогтоохдоо газрын байршил, зориулалт, дэд бүтцийн хангамж, ашиглалтын нөхцөлийг бодитой тусгахын зэрэгцээ иргэд, аж ахуйн нэгжийн төлбөрийн ачааллыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэхгүй байх шаардлагатай байгаа аж. Энэ хүрээнд газрын суурь үнэлгээ, төлбөр, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж байна.
Цаашид иргэдийн газартай холбоотой эрхийг бодитой хэрэгжүүлэхийн тулд хүсэлтийн шийдвэрлэлтийг түргэтгэх, төлөвлөлттэй газрын нөөцийг нэмэгдүүлэх, салбар хоорондын мэдээллийн уялдааг хангах, давхардал болон маргаанаас урьдчилан сэргийлэх, газрын үнэлгээ, төлбөрийг ил тод, шударга болгох ажлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгааг Б.Энхбаяр сайд мэдээлэлд дурдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен иргэдийн олонх газраа өмчилж чадахгүй байгааг дурдаад, газар өмчлүүлэх хугацааг сунгах, өмчилсөн газраа гадаадын иргэнд худалдсан тохиолдол бий эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг мэдээллээс харахад таван иргэн тутмын нэг нь газраа өмчилж авсан байгааг дурдаад, газар өмчлөх асуудал удааширдаг шалтгаан нөхцөлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа 2028 онд дуусах тул Засгийн газраас газрын харилцаатай холбоотой багц хуулийн төслийг хэзээ өргөн мэдүүлэх, уг төсөлд газраа өмчилж чадаагүй иргэдийн асуудлыг хэрхэн тусгасныг лавлав.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү асуулгын хариутай холбогдуулан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлнэ гэж хуульчилснаас хойш 23 жил өнгөрч байна. 2028 оны тавдугаар сарын 01-нд хуулийн үйлчлэх хугацаа дуусах гэж байхад зарим иргэн 10-20-иор, Б.Энхбаяр сайдын хэлснээр 100-гаар нь авсан байхад дийлэнх нь 07 га газраа ч авч чадаагүй байна. Хуулийн хэрэгжилт буюу иргэн бүр газар өмчлөх асуудлыг нийт хүн амтай харьцуулахад 20 хувьтай буюу үлдсэн 80 хувь болох таван хүн тутмын нэг нь газраа өмчилж аваагүй байгааг онцолж байлаа. Үе үеийн Засгийн газар иргэдээ өмчтэй болгох асуудалд хойрог хандсан, хууль зөрчиж хориотой бүсэд хороолол босгож байгаа тул цаашид тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглуулах зөвшөөрөл өгч буй байдлыг таслан зогсоож, тэнд тооллого хийх хэрэгтэй гэлээ. Мөн эзэмших боломжтой, эзэмшиж байгаа болон хашаагаа барьсан 114 мянган нэгж талбарыг шууд өмчлүүлэхийг онцгойлон анхааруулаад, энэ асуудлаар маргааш Улсын Их Хуралд Хянан шалгах түр хороо байгуулах саналаа оруулна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
