Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.10.22) хуралдаан 11.36 цагт Улсын Их Хурлын 16 гишүүн хүрэлцэн ирснээр 55.2 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар даргалав.


Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр төслийн талаар танилцуулав.
Беларусь Улс нь Зүүн Европ дахь Ази, Европыг холбосон зангилаа бүсэд орших стратегийн чухал байрлалтай бөгөөд Евроазийн эдийн засгийн холбоо болон бүс нутгийн интеграцын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй оролцдогийн хувьд Монгол Улсын чухал түнш гэдгийг танилцуулгадаа тодотгосон. Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улстай 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож, 2014 онд тус улс Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа, харин 2020 онд Минск хотноо Монгол Улс Элчин сайдын яамаа тус тус нээжээ.
Дипломат харилцаа тогтоосноос хойш 22 жилийн дараа Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад анхны төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр хоёр тал Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг байгуулж, уг гэрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нар 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зуржээ.

Энэхүү гэрээ нь хоёр улсын харилцааны үндсийг тодорхойлсон суурь баримт бичиг бөгөөд монгол, орос, беларусь хэлээрх гурван эхтэй, 17 зүйлтэй хэмээн Б.Энхбаяр сайд танилцуулав. Гэрээнд улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, зам тээвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, техник, нийгэм, соёл, хүмүүнлэг болон харилцан сонирхсон бусад салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгасан гэв. Гэрээг байгуулахаас өмнө түүний төслийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар зөвшилцөн, гарын үсэг зурах зөвшөөрөл авсан аж. Гэрээний 16 дугаар зүйлд заасны дагуу талууд гэрээг соёрхон батлах шаардлагатай бөгөөд соёрхон баталсан батламж, жуух бичгийг харилцан солилцсоноор гэрээ хүчин төгөлдөр болох юм байна.
Беларусь Улсын Үндэсний хурлын Төлөөлөгчдийн танхим 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр уг гэрээг соёрхон баталж, хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын хууль тогтоомжийн нийцлээ хангасан тухай манай талд мэдэгдсэн байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу уг гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлжээ. Хуулийн төсөл нь нэг зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль бусад хуультай нийцсэн бөгөөд эдийн засаг, нийгэм, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсгэхгүй хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцуулсан.
Монгол Улс уг гэрээтэй ижил найрсаг харилцаа хамтын ажиллагаа тогтоох тухай гэрээ хэлэлцээрийг Орос, Хятад, Болгар, Вьетнам, Казакстан, Киргиз, Франц, Унгар, Лаос, Солонгос, Турк, Украйн зэрэг улстай байгуулсан байдгийг мөн дурдлаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, Д.Энхтүвшин, Д.Цогтбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав. Гэрээний монгол, орос, беларусь хэлээрх орчуулгуудын зөрүү нь нэр томьёо, агуулгын зөрүүг гишүүд анхааруулж, гарч болох үр дагаварын талаар байр сууриа илэрхийлсэн. Гэрээний орчуулгаас үүдэх ойлголтын зөрүүтэй асуудлыг Беларусийн талтай дипломат шугамаар нягталж, шаардлагатай засвар, тодруулгыг хийх боломжтой хэмээн ажлын хэсгээс хариулаад, гэрээний эх хоорондын тайлбарын зөрүү гарсан тохиолдолд орос хэлээрх эхийг баримтлахаар тусгасан хэмээн тодотгож байлаа. Гишүүд Беларусь Улсад хэрэгжиж буй олон улсын хориг арга хэмжээтэй холбоотойгоор гэрээний хүрээнд Монгол Улсаар дамжин өнгөрөх тээвэр, давхар зориулалттай бараа бүтээгдэхүүний худалдаанаас үүдэх эрсдэлийн талаар хөндөхөд олон улсын хоригтой холбоотой эрсдэлээс сэргийлэхээр аж ахуйн нэгжүүд болон холбогдох байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж байгаа гэдэг тайлбарыг ажлын хэсгээс өгсөн.


Холбогдуулан санал хураалт явуулахад Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 17 гишүүний 70.6 хувь нь Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу төслийг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ийнхүү төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийг баримтлан хэлэлцсэн юм.
Ирэх 2027 оны төсвийн бодлогын хүрээнд цалинг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ орон сууц, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, боомт, инженерийн дэд бүтэц болон авто зам, логистикийн тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэхэд төсвийн нөөцийг төвлөрүүлнэ гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан холбогдох танилцуулгын эхэнд тодотгов. Үргэлжлүүлэн тэрбээр төсвийн төсөл дэх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах онцлох арга хэмжээг танилцуулсан.

Гадаад харилцааны бодлогын хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөсөн байна. Ирэх онд гадаад улс орнуудтай хөгжүүлж буй харилцааны түвшин, худалдаа эдийн засгийн эргэлт, хөрөнгө оруулалт, иргэдийн тоо, харилцан зорчиж буй иргэд зэрэг чухал ашиг сонирхол, хэрэгцээ шаардлагыг харгалзан хоёр улсад шинээр Дипломат төлөөлөгчийн газрыг нээхээр төлөвлөж холбогдох зардлыг тусгажээ.
Төрийн цэргийн байгууллагын бэлэн байдал, чадавхыг сайжруулах төлөвлөлтийг төсөлд тусгасан гэв. Төрийн цэргийн байгууллагуудын албан хаагчдын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хүрээнд төрийн тусгай алба хаагчдын үндсэн цалинг 20 хувиар, хоол унааны нөхөн олговор, офицер, ахлагч, хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдын цэргийн дүрэмт хувцас, хэрэглэлээр хангах, хоол, тээвэр, шатахуун, хээрийн дадлага, сургуулилтын зардлыг төсөвлөж, төсөлд тусгасан байна.

Төсвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжилт, хэрэгцээ шаардлага, ашиглалт, хүчин чадал, нийгэм, эдийн засгийн үр өгөөжид үндэслэн эрэмбэлж буйг Сангийн сайд тэмдэглээд Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайд нар болон Монгол Улсын Шадар сайд зэрэг төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад гадаадын зээл, тусламж болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 631.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 54 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, 278.0 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тусгасан болохыг танилцууллаа. Нийт санхүүжилтийн 42 хувь буюу 118.0 тэрбум төгрөгийг үргэлжлэн хэрэгжих төсөлд хуваарилсан бол 58 хувь буюу 160.0 тэрбум төгрөгийг шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд төлөвлөсөн байна. Улмаар 43 төсөл 2027 онд хэрэгжиж дуусах юм байна.



Танилцуулга болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Ө.Шижир, Б.Тулга, Г.Хосбаяр, Л.Энхнасан, Э.Болормаа, С.Эрдэнэболд нарын гишүүд хууль санаачлагч, төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, батлан хамгаалах, онцгой байдлын салбарын хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн асуудлыг хөндөж байлаа. Эдгээр салбарын онцгой чиг үүргийг харгалзан, чадавхыг нь бэхжүүлэхэх анхаарах шаардлагатайг онцоллоо. Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн хангалт 58-63 хувьтай байгааг мэдээлж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төслүүдийн хүрээнд чадавхыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа ажлын хэсгээс мэдээлсэн. Батлан хамгаалах салбарын барилга байгууламжуудыг шинэчлэх шаардлагатай байгааг, түүнчлэн техник хэрэгслийн шинэчлэл, алба хаагчдын орон сууцны төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай байгаа гэдэг мэдээллийг ЗХЖШ-ын дарга дурдаж байв.


Үргэлжлүүлэн гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
