УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн ажлын тайлан

САНААЧИЛСАН ХУУЛЬ
Татварын суурийг багасгах тухай олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв /2024.05.03/

“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв.
Монгол Улс уг конвенцод нэгдсэнээр бусад улстай байгуулсан 26 давхар татварын гэрээг олон улсын стандартад нийцүүлж, татвараас зайлсхийх, ашиг шилжүүлэх явдлыг бууруулах боломж бүрдэнэ. Мөн татварын гэрээг урвуулан ашиглахаас сэргийлэх, татварын маргааныг харилцан тохиролцох журмаар шийдвэрлэх нөхцөлийг сайжруулна.
Гол зорилго: Олон улсын татварын хамтын ажиллагааг бэхжүүлэх, татварын суурийг хамгаалах, татвараас зайлсхийх явдлыг бууруулах замаар Монгол Улсын төсвийн орлогыг хамгаалах юм.
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж батлуулав /2023.09.29/

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариж, 2023 оны 11-р сарын 10-ны өдөр баталлаа.
Монгол Улсын 2024 оны төсвийн хууль батлагдсанаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25,855.2 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээ 27.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцжээ.
Төсвийн төсөл нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, орон нутгийн хөгжлийг нэмэгдүүлэх зорилготой. Хүүхдийн мөнгийг 100,000 төгрөгөөр үргэлжлүүлэн олгож, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын нэмэгдлийг үргэлжлүүлэхээр тусгажээ.Мөн орон нутагт орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх, зам тээвэр, эрчим хүч, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийг иргэдийн саналыг харгалзан эрэмбэлсэн нь онцлог юм.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн мэдүүлэв/2024.12.05/

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-д дахин өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 20-нд бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээн авч, 11 дүгээр сарын 29-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасны дагуу Засгийн газраас төсвийн төслийг дахин өргөн мэдүүлэв.
Төсвийн төсөлд нэгдсэн төсвийн орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.7 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон байна. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага, цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл ДНБ-ий 3.5 хувийн ашигтай болно гэж үзжээ. Мөн 2025 онд урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, эдийн засаг болон бүсчилсэн хөгжлийг дэмжих, хүний хөгжил, засаглалыг сайжруулах, салбарын шинэчлэл хийх, томоохон хөгжлийн төслүүдийг эрчимжүүлэх зорилт дэвшүүлсэн байна.
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв /2024.12.26/

Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Уг хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах болон хууль хүчин төгөлдөр болох хугацааг тусгажээ.Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Захирагч нарын зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан тогтоолуудаар, тус хэлэлцээрийн 1 дүгээр зүйл болон 12.1 дүгээр зүйлүүдэд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Тодруулбал, тус банкны үйл ажиллагаа нь Төв болон Зүүн Европ, Газар дундын тэнгисийн зүүн болон өмнөд хэсгийн бүс нутаг, Монгол зэрэг орныг хамарч байсныг өргөжүүлж, Сахарын цөлийн өмнөд болон түүнээс урагш орших Африкийн бүс нутгийн орнуудад үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байгаа аж. Түүнчлэн тус банкны санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахтай холбоотой зарим өөрчлөлтийг оруулжээ.
“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв/2025.01.08/

Улаанбаатар хотын хүн амын тоо эрчимтэй өсөж, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр төлөвлөлтгүй суурьших, байгаль орчин доройтох, улмаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөд хүрч хот төлөвлөлтийн шинэ орчин бүрдүүлж хэрэгжүүлэх шаардлага урган гарч байгааг төсөл санаачлагч танилцуулав. Тиймээс “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний баримт бичгийн төсөлд томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, Улаанбаатар бүсийн хэмжээнд дагуул хот, тосгодыг соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, эдийн засгийн тусгай бүс, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлж, 193 мянган ажлын байрыг шинээр бий болгож, төвлөрлийг бууруулахаар тусгасан байна. Түүнчлэн, нийслэл Улаанбаатар хот нэг төвт төвлөрсөн хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжиж, иргэд, олон нийтэд нийгмийн болон төрийн үйлчилгээг ойртуулах нөхцөл бүрдэнэ. Энэ хүрээнд “20 минутын хот” үзэл баримтлалаар 14 хотыг төлөвлөн хөгжүүлж, дэд хот байгуулахаар санаачилж буйгаа танилцуулав.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв /2025.01.09/

Малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор 2014 онд уг хуулийг Улсын Их Хурлаас баталсан. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу даатгалд жилд дунджаар нийт малчин өрхийн 11-18 хувь, нийт малын 7-10 хувь нь хамрагдаж байна.
Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр уур амьсгалын өөрчлөлт, зудын гамшигт үзэгдэл нэмэгдэхийн хэрээр нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуулиар хатуу тогтоож өгсөн байгааг шинэчлэх, үргэлжлэн бий болох зудын хүнд нөхцөлийг даван туулах хүрээнд даатгуулагч малчин болон даатгалын компани хооронд байгуулсан тухайн жилийн гэрээний дүнг үндэслэн нөхөн төлбөрийн тодорхой хэмжээг нэг удаа урьдчилсан байдлаар олгох зэрэг зүйл заалтыг боловсруулжээ.
Тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар малчдын даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлж тогтвортой байдал, зудын эрсдэлийн нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзжээ. Тухайлбал, нөхөн төлбөрийг урьдчилан олгохтой холбоотой зохицуулалтыг тусгаснаар үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв /2025.01.20/

Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.Хуулийн төсөлд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгажээ. Тус хуулийн төсөлд тусгасан зээлийн хэлэлцээрийн эх үүсвэрээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын багц ажил болон магадлашгүй бусад ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх юм байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв /2025.03.26/

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг өргөн мэдүүллээ.Монгол Улсад хууль бус мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа нэмэгдэж, мөнгө угаах, залилан хийх, татвараас зайлсхийх зэрэг эдийн засгийн гэмт хэрэг гарах болсон. Сүүлийн 3 жилд 350–450 орчим хууль бус сайт идэвхтэй ажиллаж, 6036 домэйн хаягийн хандалтыг хязгаарлаад байна. Иймд эдгээр гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулжээ. Төсөлд төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомыг хориглож, ийм үйл ажиллагаа эрхлэх, зуучлах үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохоор тусгасан байна.
“Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв /2025.06.19/

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтад “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад Улсын Их Хурал “нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заасны дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ. Тайлант онд улсын төсвийн нийт орлого ба тусламжийг 20,652.3 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 20,533.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 99.4 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Төсвийн тогтворжуулалтын санд 478.6 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс нийт 443.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Монгол Улсын 2024 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 20.089.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны гүйцэтгэлээс 24.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 21,372,4 тэрбум төгрөг буюу 94.2 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв /2025.06.20/

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр 19 гишүүнтэй ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ 3асгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах буюу тус хуулийн 1 дүгээр зүйлд заасан Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргатай холбоотой хэсгийг хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасан гэж танилцуулав.
Нийтийн өмчийн хуулийн төслийг өргөн мэдүүлэв /2025.06.25/

Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүллээ.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, нэрийг нь Нийтийн өмчийн хууль болгон өөрчлөхөөр тусгажээ. Төсөл нь 9 бүлэг, 81 зүйлтэй бөгөөд нийтийн өмчийн ангилал, удирдлага, бүртгэл, ашиглалт, хамгаалалт, хяналт, ил тод байдлыг сайжруулах зорилготой.
Мөн төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгчдийн эрх, үүргийг тодорхой болгож, хяналтын чиг үүргийг сайжруулах, төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг тусгай хуулиар зохицуулахаар тусгажээ.Хуулийн төслийн гол зорилго нь өмчийн удирдлагыг боловсронгуй болгож, хөрөнгийн ашиглалт, үр ашиг, үнэлгээг нэмэгдүүлэхэд оршино.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулна /2025.06.25/

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон болон нүүрсний үнэ, экспорт, төсвийн орлого буурч, эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор 2025 оны төсөв болон 2025–2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Төсөлд 2025 оны эдийн засгийн өсөлтийг 5.5 хувь, инфляцыг 9.5 хувь, төсвийн орлогыг 30.2 их наяд төгрөг байхаар тооцсон байна. Мөн төрийн албан хаагчдын сул орон тоог нөхөхгүй байх замаар цалингийн зардлыг бууруулахаар тусгажээ.Хуулийн төсөл нь төсвийн суурь тэнцлийг ДНБ-ий 2 ба түүнээс дээш хувийн ашигтай байлгах, урсгал зардлыг ДНБ-ий 30 хувиас хэтрүүлэхгүй байх, Засгийн газрын өрийг ДНБ-ий 60 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг төсвийн тогтвортой байдлын шаардлагыг хангахаар боловсруулагдсан байна.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэв
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
1. Төсөвт байгууллагуудын түлш, халаалтын тарифыг нэмэгдүүлэхээр туссан зардлыг 121.9 тэрбум төгрөгөөр,
2. Төрийн тусгай байгууллагуудаас бусад төсвийн байгууллагуудын тээвэр, шатахуун, дотоод албан томилолт, хурал зөвлөгөөний зардлыг 28.9 тэрбум төгрөгөөр,
3. Төрийн өндөр дээд айлчлал, зочид төлөөлөгч хүлээж авахаас бусад гадаад томилолт, зочид хүлээж авах зардлыг 4.5 тэрбум төгрөгөөр,
4. Бүх шатны төсвийн байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж, техникийн зардлыг 104.4 тэрбум төгрөгөөр,
5. Төсвөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгох татаасыг 76.8 тэрбум төгрөгөөр,
6. Байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад тэтгэмж, урамшууллыг 30.2 тэрбум төгрөгөөр,
7. Бүх шатны төсвийн байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлыг 617.3 тэрбум төгрөгөөр хэмнэнэ. Ингэснээр төсвийн зардал 1 их наяд 508.4 тэрбум төгрөгөөр буурна гэж үзжээ. Мөн төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар цөөлж 261 тэрбум төгрөгөөр хэмнэхээр тооцсон байна.
АЖЛЫН ХЭСЭГ
Байнгын хорооны тогтоолоор 2024.01.22, тогтоол № 2
Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх, гишүүний чуулганы ажиллагаанд оролцох журмын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2026.05.18, № 214
Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах болон төлөөллийн бүрэн эрхийг бэхжүүлэх, институцийн чадавх, үйл ажиллагааны сахилга, хариуцлагыг сайжруулах, парламентын нэр хүнд, иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн гишүүн.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2026.06.04, № 248
Татварын харилцааг зохицуулсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн гишүүн.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2026.06.17, № 275
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч.
Төрийн байгауулалтын байнгын хороо 72 асуудлыг хэлэлцэв

Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 хаврын ээлжит чуулганы хугацаанд 23 удаа хуралдаж, 72 асуудлыг хэлэлцэж, 23 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 16 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган ажиллажээ, Эдгээрээс 4 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 16 төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулж, яам, агентлаг, харьяа байгууллагын 5 тайлан, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэн, Байнгын хорооны 9 тогтоол баталсан байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” зэрэг УИХ-ын тогтоолуудыг батлуулжээ.
ГАДААД ТОМИЛОЛТ
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганд оролцов

АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт, оролцлоо. Энэ удаагийн чуулганаар олон улсын энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан, дэлхийн эрүүл мэнд зэрэг нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна.Монгол Улсын байр суурь, үндэсний эрх ашигт нийцсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү чуулган чухал ач холбогдолтой юм.
“Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлэхээр талууд тохиролцов

2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юн Чоль-той уулзаж, хоёр улсын санхүү, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцын талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн хэрэгжилтийг түргэтгэх асуудлыг хэлэлцэж, тус төвийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг эрчимжүүлэхээр талууд тохиролцлоо. Уг төслийг БНСУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Сангийн яам 2025 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүргүүлсэн бөгөөд хоёр талын ажлын хэсгүүд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. БНСУ-ын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн явц, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, ойрын хугацаанд шийдвэрлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн БНСУ-ын Экспорт-Импорт банкны дэд ерөнхийлөгч Со Жон Хуа-тай уулзаж, “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн санхүүжилт, хэрэгжилтийн төлөвлөгөө болон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бусад төслийн явцын талаар ярилцаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болов.
Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалта оролцов

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад оролцлоо. Энэ удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулган “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)” сэдвийн дор болж буй бөгөөд 100 гаруй улсын 3000 гаруй төлөөлөгч оролцож, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан болон дижитал технологийн зохистой хэрэглээ зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Чуулга уулзалтын хүрээнд “Санхүүгийн эрин”, “Банкны салбарын хурдасгал”, “Шинэ эдийн засгийн найдвар ба түгшүүр” “Дэлхийн өрийн дарамт”, “Нүүрстөрөгчийн ялгарлын шилжилтийг хэрхэн санхүүжүүлэх вэ?”, “Доллароос татгалзах уу, дахин долларжих уу?” сэдэвт салбар хуралдаанд оролцов.
ОХУ-ын Сангийн яамтай Санамж бичиг байгуулав

Москва хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтын үеэр ОХУ-ын Сангийн сайд Антон Силуановтой санамж бичигт гарын үсэг зурлаа. ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов, манай улс санхүүгийн чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж, туршлагаа хуваалцахдаа таатай байх болно гээд төсөв боловсруулах, батлах үйл явцыг тоон технологид шилжүүлэх, санхүүгийн удирдлагад хиймэл оюун ухааны технологи нэвтрүүлэх зэргээр харилцан хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.Хоёр тал ийнхүү дээрх чиглэлүүдэд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Мөн хоёр улсын Сангийн сайд нар, Монгол, Оросын Засгийн газрын тэргүүнүүдийн хооронд байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Нэн тэргүүнд худалдааг нэмэгдүүлэх, төлбөр тооцоог хялбарчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай боломжийг харилцан бүрдүүлэхэд хамтран ажиллахад санал нэгдлээ. Үүнээс гадна хамтарсан хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулах зэрэг хоёр талын санхүүгийн харилцааны гол сэдвүүдийн талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
