...
...
Logo
нийтлэл
•Sainjargal
•10-р сар 22

Монгол Улсын төлөөлөгчид хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол, хэвлэлийн эрх чөлөө, ардчиллын дархлааг бэхжүүлэх чиглэлээр Европын туршлага судаллаа

Монгол Улсын төлөөлөгчид хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол, хэвлэлийн эрх чөлөө, ардчиллын дархлааг бэхжүүлэх чиглэлээр Европын туршлага судаллаа
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд зохион байгуулагч Хэвлэлийн хүрээлэнгийн төлөөллүүд, Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Монгол Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, E-Mongolia академи, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, ШУА, “Бүх нийт боловсролын төлөө”! - Иргэний нийгмийн байгууллагуудын үндэсний эвсэл, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, NTV Mongolia, gogo.mn байгууллагуудын төлөөлөл багтаж ажиллалаа.
Европын туршлагыг Монгол Улсын үндэсний бодлого, практикт тусгах нь
Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол нь зөвхөн худал, ташаа мэдээллийг таних, цахим технологи ашиглах ур чадвараар хязгаарлагдахгүй. Энэ нь иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхээ бодитой хэрэгжүүлэх, мэдээллийн эх сурвалж, агуулга, зорилго, найдвартай байдлыг шүүн тунгааж үнэлэх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, нийгэм, улс төрийн үйл явцад ухамсартай, хариуцлагатай оролцох ардчилсан нийгмийн суурь чадамж юм.
Цахим платформууд, хиймэл оюун ухаан, мэдээлэл үйлдвэрлэх, түгээх шинэ технологи эрчимтэй хөгжиж буй өнөөгийн нөхцөлд иргэдийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх нь хүний эрхийг хамгаалах, ардчилсан оролцоог өргөжүүлэх, нийгмийн мэдээллийн орчны тогтвортой байдлыг хангах урт хугацааны бодлогын зорилт болж байна.
Туршлага судлах ажлын аялалын нэг гол зорилго нь Монгол Улсад хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний бодлого, институцийн зохицуулалт, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ашиглаж болох Европын туршлагыг судлах явдал байв.
Энэ хүрээнд Улсын Их Хурал, төрийн байгууллага, боловсрол, судалгаа, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний хороо байгуулах боломж, түүний үүрэг, зохион байгуулалт, салбар хоорондын хамтын ажиллагааны механизмыг цаашид судлан хэлэлцэхэд ажлын аялалын үеэр олж авсан мэдлэг, туршлага ач холбогдолтой юм.
Ийм зохицуулалтын механизм нь үндэсний бодлогын уялдааг хангах, оролцогч талуудын хамтын ажиллагааг тогтмолжуулах, мэдлэг, мэдээлэл, сайн туршлага солилцох, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх боломжтой бөгөөд Монгол Улсын эрх зүйн болон институцийн нөхцөлд нийцүүлэн цаашид хэлэлцэн боловсруулах шаардлагатай.
Бельги, Швед улсад хийсэн туршлага судлах ажлын аялалын үр дүнг Европын Холбооны санхүүжилттэй төслийн дараагийн үйл ажиллагаанд тусгана. Тухайлбал, 2026 оны 10 дугаар сарын 29-нд зохион байгуулах төрийн албан хаагчдад зориулсан чадавх бэхжүүлэх сургалт, 10 дугаар сарын 30-нд болох Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний чуулганы үеэр Европын туршлагыг Монголын оролцогч талуудтай хуваалцаж, бодлогын тэргүүлэх чиглэл, институцийн хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх боломжтой арга замуудын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Энэхүү ажлын аялал нь Монгол Улсад хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг хүний эрх, ардчилсан засаглал, иргэний оролцоо, боловсролын бодлоготой уялдуулан хөгжүүлэхэд шаардлагатай олон улсын мэдлэг, туршлагыг хуримтлуулах, Европын байгууллагуудтай мэргэжлийн болон институцийн харилцааг өргөжүүлэх чухал алхам боллоо.
Монгол Улсын төлөөлөгчдийн 2026 оны 10 дугаар сарын 12–17-ны өдрүүдэд Бельгийн Хаант Улс болон Шведийн Хаант Улсад хийсэн туршлага судлах ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л. Болд төлөөлөгчдийг Брюссель хотноо, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц. Мөнх-Өлзий Стокгольм хотноо тус тус хүлээн авч уулзав.
Эдгээр уулзалт нь Монгол Улсын Европын түнш орнуудтай хөгжүүлж ирсэн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, дипломат харилцаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх, ардчилсан засаглалын чиглэлээр мэдлэг, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой байв.
Түүнчлэн эдгээр уулзалт нь ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, иргэдийн мэдээлэлд суурилсан оролцоог дэмжих, хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, мэдээллийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй мэдээллийн орчныг Монгол Улсад төлөвшүүлэхэд байгууллага хоорондын бодлогын яриа хэлэлцээ, харилцан туршлага солилцох үйл ажиллагаа, олон улсын хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолсон юм.
Төслийн тухай
Европын Холбооны санхүүжилтээр Хэвлэлийн Хүрээлэнгээс Үзэгчдийн эрх ашгийг хамгаалах Европын нэгдэлтэй хамтран 2026–2028 онд хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролоор иргэний нийгмийг чадавхжуулж, Монголын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл нь иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, иргэдийн мэдээлэлд шүүмжлэлтэй хандах чадварыг дээшлүүлэх, цахим орчин дахь аюулгүй, хариуцлагатай оролцоог дэмжих, мэдээлэлд суурилсан иргэний оролцоог өргөжүүлэх замаар Монгол Улсын ардчилсан мэдээллийн орчны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.
Хэрэгжүүлэгч байгууллага: Хэвлэлийн Хүрээлэн
Европын түнш байгууллага: Үзэгчдийн эрх ашгийг хамгаалах Европын нэгдэл
Санхүүжүүлэгч: Европын Холбоо

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!