Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших буюу Өөжгий өөрийн зохиосон уран бүтээлүүдийг оюуны өмчид бүртгүүлж зарим дуучныг дуулахыг хориглосон. Тухайлбал, "Номин талст" хамтлагийн дуучин Хаянаа, Дээгий нарыг өөрийнх нь зохиосон дуунуудыг дуулахыг хориглож буй талаараа Өөжгий твиттер хуудастаа бичсэн байва. Мөн тэрбээр, "Чи минь", "Чамайг санахдаа", "Баяртай гэж битгий хэлээ ч", "Зүүдний учрал", "Хайрын бурхан" зэрэг уран бүтээлүүдээ оюуны өмчид албан ёсоор баталгаажуулжээ.
Уран бүтээлүүдээ оюуны өмчөөр баталгаажуулж Хаянаа, Дээгий нараар дуулуулахгүй болсон шалтгаанаа Өөжгий ийн тайлбарлаж байна.
-Энэ бол олон жил ужгирсан асуудал л даа. Саяхан шинэ жилээр "Гацуурхан" гээд 600.000 төгрөгийн үнэ бүхий тасалбартай тоглолт болсон. Эл тоглолтыг Хаянаа, Дээгий хоёр хийсэн. Гэтэл хөгжмийн зохиолч, үг зохиогч нарт нь уран бүтээлийн орлогоос ямар ч хүртээл байхгүй. Тоглолт зохион байгуулсан газарт хуулийн фирмээр дамжуулж мэдэгдсэн. Хариуд нь дууны оюуны өмчийн асуудлыг уран бүтээлчидтэйгээ ярь, бид мэдэхгүй гэсэн.
Би тэр дуунуудыг "Номин талст"-ыг дөрвүүлээ байхад нь хамтлагт зориулж зохиож өгсөн. Хаянаа, Дээгий хоёрт зориулаагүй.
Би Монголын рок попын уран бүтээлчдэд мөнгөөр дуу хийж өгсөн тохиолдол маш ховор. Одоо цаг нь болсон. Дуу бол оюуны өмч. Үүнийг ойлгох цаг ч болсон. Гадаадад дуучин, ая, үг зохиогч нар нь бүгд хувь хүртээд явдаг.