Таксины жолооч нарыг нэг МЕТРТЭЙ БОЛГОЁ

Өдөр хоногоор бүү хэл бараг л цаг минутаар хэмжигдэх болсон үнийн өсөлт тойрсон улс төр саарал ордон төдийгүй иргэдийн амьдралыг донсолгох болоод удлаа. Гэхдээ инфляцийг дагасан зохиомол хөөрөгдөл нэмэр дээр нэрмээр болох болсны нэг жишээ нь таксины үнийн өсөлт. Ердөө хоёр жилийн өмнө 1500 төгрөгөөр км замыг туулдаг болсон тэд нэн хурдан үнээ 2000 болгосон бол зарим нэг хэгжүүн, хатуу жолооч нар 2500 төгрөгөөр явах нь ч бий. Үүнд тусгай үйлчилгээ буюу VIP такси үйлчилгээг хамаатуулаагүй бөгөөд энэхүү үйлчилгээнд явдаг таксины жолооч нартай ярих ч хэрэггүй.
Харин энд гол онцлох учир шалтгаан нь такси үйлчилгээний төлбөрөө нэмээд зогсохгүй адил тэнцүү замд зөрүү, буруу үнэ хэлэх тухай асуудал юм. Учир нь, иргэн миний бие Яармагаас хотын төв хүртэл таксидах нь элбэг бөгөөд тэр бүрт нэг бус нэлээдгүй олон янзын үнэ төлөх нь хэвийн үзэгдэл. Жишээ нь,
-
Зорчигч: -Ахаа хэд үү
Жолооч: -10 км гэхээр 20 мянган төгрөг.
2. Зорчиг: -Хэд үү
Жолооч: -23 мянга юмуу даа.
Зорчигч: -Уг нь тэгж гардаггүй юм даа.
Жолооч: -Би мэдэхгүй машин л тэгж байна.
-
Зорчигч: -Хэд үү
Жолооч: -16 мянга л болох юм байна.
-
Зорчигч: -Хэд үү
Жолооч: -24 мянган төгрөг
Зорчигч: -Яагаад
Жолооч: -Өчнөөн түгжирлээ ш дээ.
Энэ дөрвөн янзын үнэ, дөрвөн янзын хариулт бол наад захын үзэгдэл. Уг нь Яармагаас хотын төв буюу Сүхбаатарын талбай хүртэлх маршрут такси бүрт сунана, агшина гэж байхгүй. Нэг замаар нэг зайнд л явж байгаа. Гэтэл тоолуурын машины тохиргуу юу, хувь жолоочийн сонирхол уу гэдгийг тайлбарлахад бэрх. Эвийг нь олохгүй бол элдвээр хэлүүлэх, давшлах нь энүүхэнд тул хэлсэн үнэ, хэлсэн зарчмаар нь төлөөд бууна. Иймд такси үйлчилгээ эрхэлж буй хувь хүн, албан байгууллагад ариун цэвэр, зөв боловсон харьцах шаардлага тавьдагтай адилхан миллметрийн зайгүй хэмждэг тоолуурын хяналтыг бий болгохгүй бол такси үйлчилгээ нэг талдаа тав тух ч нөгөө талд хууль ёсны мэт жижиг гарын дээрэм болоод дуусаж мэдэх л юм. Энэ нь нэг үйлчлүүлэгчийн тав арван төгрөгтөө бус нийт зорчигчийн халаасыг хоослох эрх ашиг талаас харвал хулгай болон дээрмийн хэрэгтэй дүйцэх нь гарцаагүй ээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
