Эрүүл хоол тэжээлийн бодлого, түүний хэрэгжилт, эрх зүйн зохицуулалтын талаарх Дэлхийн банкны судалгааны тайланг хүлээн авав

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун нар өнөөдөр (2026.05.13) Дэлхийн банкны зөвлөх, ноён Эван Харолд Блечер, хатагтай Либби Хаттерсли, Кейт Мандевилл нарыг хүлээн авч уулзан, тэдний хийсэн Монгол Улсад эрүүл хоол тэжээлийн талаар хэрэгжиж байгаа хууль, эрх зүйн зохицуулалтыг олон улсын сайн туршлагатай харьцуулан судалсан судалгааны тайланг хүлээн авлаа.
Судалгааны тайланг Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн Бүсийн эрүүл мэнд, хүнс тэжээл, хүн амын газрын зөвлөх Либби Хаттерсли танилцууллаа. Манай улсын иргэдийн өвчний ачаалалд эрүүл бус хооллолт голчлон нөлөөлж байгааг тэрбээр 1990 ба 2023 оны үзүүлэлтүүдээр харьцуулан дурдаж, хүн амын таргалалтын түвшин дэлхийн дунджаас илүү хурдтайгаар нэмэгдэж байгааг онцолсон юм. Хүүхдийн хоол тэжээлийн дутагдлыг бууруулах Монгол Улсын зорилт тодорхой хэмжээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа боловч нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн цус багадалтын тархалтыг бууруулах, хүүхдийг эхийн сүүгээр хооллох түвшинг ахиулах, хүүхдийн илүүдэл жин, таргалалтын тархалтыг багасгах, насанд хүрэгчдийн чихрийн шижингийн тархалтыг зогсоох, хүн амын давсны хэрэглээг бууруулах зэрэг зорилтын хэрэгжилт хангалтгүй байгааг тэрбээр анхааруулав.
Эрүүл хооллолтод зайлшгүй чухал шим тэжээл хангалттай байх, илчлэг авах эх үүсвэр тэнцвэртэй байх, хүнс, хүнсний бүлгүүд олон янз байх, эрүүл мэндэд нөлөөлөх хүнс зохистой хэмжээнд байх гэсэн үндсэн зарчмуудыг баримтлах ёстойг зөвлөх Либби Хаттерсли онцолж, нийгэм болон хүнсний орчныг өөрчлөх, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөллийг шийдвэрлэхийн тулд стратегид тулгуурлан боловсруулсан бодлогын багц арга хэрэгслийг батлан хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөв. Үүний хүрээнд Монгол Улс хүнсний бүтээгдэхүүний орц, найрлагыг шинэчлэх, хоол тэжээлийн шошгололтыг иж бүрэн болгох, хүнсний маркетингийн халгаатай нөлөөллөөс хүүхдийг хамгаалах бодлогуудыг боловсруулж батлах, зан үйлийн талаарх мэдээлэл харилцаа ба олон нийтийн мэдээллийн хэрэгслийн кампанит ажил, аяныг зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгааг тайланд дурдсан байна. Мөн эрүүл хооллолтыг дэмжих төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, хүн амын хоол тэжээлийн тогтолцоонд тогтмол хяналт тавьж, үнэлгээ, дүгнэлт хийж ажиллах нь зүйтэй гэлээ.
Зөвлөх Эван Харолд Блечер манай улсын татварын тогтолцоон дахь чихэрлэг ундааны албан татвар, түүний хэрэгжилтэд хийсэн үнэлгээг танилцуулсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас эрүүл хооллолтыг дэмжих төсвийн бодлогын хүрээнд чихэрлэг ундаанд ногдуулах албан татварыг санал болгодог бөгөөд жимс, ногоо зэрэг эрүүл хүнсэнд татаас олгохыг зөвлөдөг байна.
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2024 онд баталж, ирэх 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр тогтоосон. Үүнд 100 мл-т агуулагдах чихэр, чихэр орлуулагч 5 гр-аас дээш ус, ундаанд литр тутамд 2027 онд 500 төгрөг, 2028 онд 525 төгрөг, 2029 онд 550 төгрөг байхаар тусгасан. Энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хэрхэн хангаж, үр дүнд хүрэх талаар зөвлөх Эван Харолд Блечер Их Британи болон Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ)-ын жишээгээр танилцууллаа. Хуулийн нөлөөллийг илтгэн харуулах хяналт-шинжилгээ, үнэлгээг урьдчилан сайтар хийхгүй бол чихэрлэг ундаанд ногдуулах татвар эсэргүүцэлтэй тулгарч, цэцлагдах эрсдэлтэй байдгийг тэрбээр дээрх улсуудын жишээнд тулгуурлан дүгнэсэн юм. Татварын бодлогыг хэрэгжүүлснээр Их Британийн 10-11 насны охидын таргалалт 8.0-аас дээш хувиар буурч, 18 хүртэл насны хүүхдүүдийн шүд цоорох өвчлөл 12.0 хувиар, хүүхдийн астма өвчний тохиолдол 21.0 хувиар багассан бол ӨАБНУ-д чихэрлэг ундааны худалдан авалт 29.0 хувь, татвар ногдуулсан ундаанаас авдаг илчлэгийн хэмжээ 52.0 хувь, сахар 51.0 хувь, хүн амын ядуу, орлого багатай бүлгийн хэрэглээ 57.0 хувиар тус тус буурчээ.
Улсын Их Хурлын гишүүд Дэлхийн банкны зөвлөхүүдтэй дээрх судалгаа, дүгнэлтийн талаар болон Монгол Улсын эрүүл хоол тэжээлийн талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох тухай ярилцаж, олон улсын туршлага, түүний алдаа, оноо, болзошгүй эрсдлийг бууруулсан арга, хэрэгслийн талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
